ОРОЛЦОГЧИЙН БАЙР СУУРЬ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний нэгдсэн арга хэмжээнд сонсогчоор идэвхтэй оролцон санал сэтгэгдлээ цахим талбарт хуваалцсан зарим оролцогчтой тусгайлан холбогдож санаа бодлыг нь дэлгэрүүлэн сонсож та бүхэндээ хүргэхийг зорьсон цуврал ярилцлагуудыг хүлээн авна уу. 2021.05.05

Оролцогч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Х.Нарангарав

Ярилцсан: Боловсролын хүрээлэнгийн ЭША Х.Гансүх


– Та өөрийн сэтгэгдлээс хуваалцана уу?

Х.Н: Сайн байцгаана уу?  Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх  ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ нэгдсэн арга хэмжээнд оролцсондоо маш их баяртай байна.  Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан , хамтран ажилласан байгууллага, хувь хүн бүрд талархал илэрхийлье.


– Та өөрийн сонирхсон, хэрэгтэй гэж үзсэн мэдээллээс нэрлэвэл юуг нэрлэх вэ?

Х.Н: Уг арга хэмжээнд оролцож илтгэл, туршлагаа танилцуулж хэлэлцүүлсэн илтгэгч нарын илтгэлээс харахад Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлага хамтаараа, бүх нийтээрээ боловсролын төлөө гэсэн чиг хандлагаар явж байна. Жишээ нь “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол шинэлэг арга зүй”  сэдвээр илтгэл тавьсан  Н. Мөнхбаяр (БМДИ-ийн суралцагчийн хөгжлийн албаны дарга)-ын илтгэлд багш нарын хичээлийн төлөвлөлт, сайн туршлагууд, багш нар хамтран ажиллах,  үйл ажиллагааныхаа явцад багш багшаас суралцдаг, мөн хичээлээ төлөвлөхдөө хүүхдийн төлөө нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, оюутантай хамтран ажиллах нь илүү үр дүнд хүрдэг,  сурагчдыг эргэцүүлэлд хөтлөх, яагаад ямар учраас гэсэн сонирхлыг нь татахуйц дасгал даалгаврууд  түлхүү оруулж өгөх нь үр дүнтэй юм байна.


Хүүхдийн эрх-эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин сэдэвт хэлэлцүүлэгт Сургалтын орчныг хувирган өөрчлөх асуудал сэдвээр илтгэл тавьсан  Доктор Н. Оюунцэцэг багшийн илтгэлээс Бид 21-дүгээр зуунд  хүүхдийн насны онцлог, сэтгэхүй, хэрэгцээнд нийцүүлэн сургалтын орчноо  уян хатан байхаар өөрчлөн хувиргах, хувирган өөрчлөхдөө хэрхэн өртөг багатай зүйлсээр өөрчлөх тухай, Физикийн болон Виртуал орон зай гэх мэт маш чухал  судалгаа, туршлагыг суралцлаа.


ЕБС-ын эрүүл ахуй, халдвар хамгаалал илтгэл тавьсан илтгэгч Л.Гэрэлмаа (МХЕГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч)-гийн илтгэлээс ЕБС-ийн орчинд баримталж буй эрүүл ахуйн халдвар хамгаалал, цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөсөн гэх мэт маш олон шинэлэг санаа санаачилгуудыг оролцогч бүрийн илтгэлээс сонсож, суралцаж байгаадаа сэтгэл өндөр байна.


Эцэст нь бид ирээдүйн хүүхэд багачуудыг тогтвортой хөгжлийн боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд бүх нийтээрээ хамтран өөрчлөлтийг хийж, төлөвлөж, насан туршдаа бие биеэсээ суралцах шаардлагатай болж байна.


-Танд баярлалаа.

Х.Н. Баярлалаа.