Багц номын товч танилцуулга

Дэлхий нийтээрээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, харилцан ашигтайгаар хамтран хөгжих бүхий л боломжийг эрэн хайж, хүн төрөлхтөний хийгээд түүний өлгий болсон Эх Дэлхийнхээ тогтвортой байдлын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирлээ.


НҮБ-аас 2030 он гэхэд дэлхийн нийтээрээ  хүрсэн байх ТХ-ийн 17 зорилгыг 2015 онд баталсан. ЮНЕСКО-оос энэ зорилгуудын хүрээнд эхний 5 жилд хийсэн үйл ажиллагаагаа үнэлэн дүгнэж, сүүлийн 10 жилийн үйлийн хүрээгээ нарийвчлан боловсруулсан “ТХБ-2030: Замын зураглал”-ыг НҮБ-ын Ерөнхий Ансамблейн Чуулганаар 2019 оны сүүлчээр баталгаажуулаад байна.  Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, БШУЯ-аас 2020 онд ”Алсын хараа-2050: Хөгжлийн урт хугацааны бодлого” болон боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлого, стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ баталаад байна. Ийнхүү 2020 оноос дэлхий нийтийн түвшинд ч Монгол Улсад ч боловсролын хөгжлийн үйл явцыг эрчимжүүлэх нэг шинэ шат эхлэж байна гэж үзэж болно. 


Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ШХА-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн ТХ-ийн чиглэлийн янз бүрийн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ТХБ-ыг суралцахуй болон багшлахуйд интеграцчилах чиглэлээр 2008 оноос эхтэй бидний хамтын үйл ажиллагаа нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” гэсэн бие даасан төсөл болон өргөжиж, 2 үе шаттайгаар (2015-2018 ба 2019-2022) амжилттай хэрэгжиж бидний хамтын ажиллагааны үр өгөөж, үр нөлөө нь нэмэгдсээр байна.


“Тогтвортой хөгжлийн боловсрол I” төслийн хүрээнд ЮНЕСКО-оос 2017 онд гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол: Суралцахуйн зорилтууд” гэсэн удирдамжид  тулгуурлан “Тогтвортой хөгжлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалт, сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах арга зүй”  гэсэн багш нарт зориулсан гарын авлагыг БМДИ-ээс 2018 онд бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгосон билээ.


Төслийн хоёрдахь шатанд уг төслийн түшиц байгууллага болохынхоо хувьд Боловсролын Хүрээлэнгээс дээрх гарын авлагыг 2020 оноос хойшхи дэлхий нийтийн болон Монгол Улсын боловсролын хөгжлийн шинэ үйлийн хүрээ, бодлого, стратегитэй уялдуулан шинэ агуулгаар баяжуулах, түүнийг хэрэглэхэд тохиромжтой болгон хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий удирдамж ба түүнийг дагалдах боловсролын 3 түвшнээр шинэчлэн зохиомжилсон багшийн 3 гарын авлага бүхий 4 номноос бүрдэх нэг Багц ном болгон хоёр дахь хэвлэлтийг бэлтгэж хэрэглэгч ТАНД өргөн барьж байна.  


ТХБ-ыг багшлахуй ба суралцахуйд интеграцчилах шинэлэг арга зүй боловсруулж, Багц номыг бэлтгэсэн ТХБ-ын төлөө манлайлан ажиллаж, өөрсдийн эрдэм мэдлэг, сэтгэл зүтгэлээ шингээн оролцсон үндэсний зөвлөхүүд, экспертүүд, түүний анхны болон хоёр дахь хэвлэлтийг бэлтгэхэд оролцон хувь нэмрээ оруулсан бүх хүнд байгууллагынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.


Багш Танд хандан “Та бол хүн төрөлхтний, Монгол Улсын ТХЗ-ыг амжилтад хүргэх түлхүүрийг атгагч, бүх суралцагчдыг ТХБ эзэмшихэд нь туслан замчлагч” гэдгээ ямагт ухамсарлаж, түүхэн цаг үеийнхээ хэнтэй ч хуваалцахгүй мэргэжлийн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэхийг уриалж байна.


Энэхүү багц номтой танилцсан бүх түвшний бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, гадаад, дотоодын түншлэгч байгууллагууд, орон нутгийн олон нийт, эцэг эх, иргэдэд хандан  ТХБ-ын төлөө боловсрол ба суралцахуй, түүний хэрэгжих орчныг хувирган өөрчлөх талаар сургууль, багш нарын гаргаж буй бүхий л санаачилга, хүчин чармалтыг тал бүрээр дэмжих ажиллахыг хүсэж байна.


Пүрэвийн Лхагвасүрэн, PhD

Боловсролын Хүрээлэнгийн захирал



Номыг доорх холбоосоор хандаж үзнэ үү

ТХЗ-ЫН ТӨЛӨӨХ БОЛОВСРОЛЫГ СУРАЛЦАХУЙД ИНТЕГРАЦЧИЛАХ АРГА ЗҮЙ – Бага боловсрол

ТХЗ-ЫН ТӨЛӨӨХ БОЛОВСРОЛЫГ СУРАЛЦАХУЙД ИНТЕГРАЦЧИЛАХ АРГА ЗҮЙ – Суурь боловсрол

ТХЗ-ЫН ТӨЛӨӨХ БОЛОВСРОЛЫГ СУРАЛЦАХУЙД ИНТЕГРАЦЧИЛАХ АРГА ЗҮЙ – Бүрэн дунд боловсрол

ДЭЛХИЙ НИЙТИЙН ТҮВШИНД БОЛОН МОНГОЛ УЛС ДАХЬ ТХ БА ТХБ-ЫН ХӨГЖЛИЙН ЗАМНАЛ, ӨРНӨЛ – Хөтөч ном