Сургалтын толь бичиг боловсруулах багийн гишүүдтэй цахим хэлэлцүүлэг хийв

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 3 болон 5 дугаар сургуулиудад  СХИС арга зүйг туршин нэвтрүүлэх ажилтай холбоотой ҮЦГМХБС-ны сектор 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сурагчдад зориулсан “Сургалтын толь бичиг” боловсруулах багийн гишүүдтэй цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБС-ны секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтнууд, Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын математик, биологи, байгалийн шинжлэл, дүрслэх урлаг, биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, Цэнгэл сумын Тува бага сургуулийн багш нар, толь бичиг боловсруулах багт оролцох бусад багш нар оролцлоо. Хэлэлцүүлгийн явцад багш нар толь бичиг боловсруулах талаар санал солилцож, мэргэжилтэн, багш нар туршлагаасаа хуваалцав. Үүнд:


Баян-Өлгий аймгийн БГ-ын гадаад хэлний мэргэжилтэн У.Ботакөз “Толь бичиг боловсруулахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд өөрийнхөө “Англи-Орос-Монгол-Казах” хэлний сурагчийн толь бичиг гаргасан туршлагаасаа хуваалцсан нь ач холбогдолтой байлаа. Сургалтын толь бичиг боловсруулах ажлын явцын талаар Цэнгэл сумын Тува сургуулийн багш З.Буянгаа танилцуулсан байна. Сургалтын толь бичгийн онцлог, бүтцийн талаар эрдэм шинжилгээний ажилтан Х.Гансүх, сургалтын толь бичиг боловсруулах багийн бүрэлдэхүүн болон цаашид хийх ажлын төлөвлөгөөний төслийг эрдэм шинжилгээний ажилтан Ж.Зүлмира нар танилцууллаа.


Хэлэлцүүлгийн үр дүнд багш нар сургалтын толь бичиг боловсруулах мэдлэгээ дээшлүүлж,  төлөвлөгөөг батлав.