БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг илтгэл”-ийн эрдэм шинжилгээний хурлыг 2019-2020 оны хичээлийн жилд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн” сэдэвтэйгээр 53 дахь жилдээ, 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Дэлхийн улс орнуудад тархаж буй COVID-19-ийн халдвар, Монгол Улсын Засгийн Газраас зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед уг хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эрдэмтэн судлаач, багш оюутан, эцэг эх, олон нийтэд хурлын үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс Боловсролын хүрээлэнгийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ. Эрдэм шинжилгээний цахим хуралд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг бүрээс шалгарсан, нийт 30 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн төлөөллөөс бүрдсэн шүүгчийн баг ажилласан байна.
Илтгэгчид сурагчдын ялгаатай байдлыг сурлагын түвшин, суралцахуйн бэрхшээл, суралцах хэв маяг, зан төлөв зэрэг чиглэлээр тодорхойлон, уг ялгааг харгалзан хичээл, сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, турших, сайжруулах арга замыг эрэлхийлэн судалсан судалгааны үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлага солилцов. Багш нарын судалгааны ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд хурлын ач холбогдол оршиж байна.
Уг цахим хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 74 оролцогчийн 87 хувь нь цэцэрлэг, сургуулийн багш, 13 хувь нь удирдах ажилтан байсан бөгөөд 38 хувь нь нийслэлээс, 38 хувь нь аймгаас, 24 хувь нь сумын төвөөс оролцлоо. Нийт багш нарын 60 орчим хувь нь тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй, анхны удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байсны зэрэгцээ 23 хувийг бага ангийн, 20 хувийг монгол хэл, бичгийн, 17 хувийг түүх, нийгмийн ухааны багш эзэлж байсан бол 7 орчим хувь нь цэцэрлэгийн багш нар байв.
Оролцогчдын 50 орчим хувь нь 10 хүртэл жил ажилласан багш нар эзэлж байгаа, 65 орчим хувь нь 2-оос дээш гишүүнтэй багаараа судалгаа хийсэн зэргээс үзэхэд залуу багш нар судалгаа, шинжилгээний ажил хийх хүсэл эрмэлзэлтэй, хамтран ажиллах идэвх сонирхолтой байгаа нь харагдаж байна.
Эрдэм шинжилгээний цахим хурлыг амжилттай зохион байгуулах технологийн боломжоор хангасан МУБИС-ийн зайны сургалтын төвийн хамт олон болон хамтран ажилласан дүүргийн Боловсролын хэлтэс, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын удирдлага мэргэжилтнүүдэд Боловсролын хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.
“Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн” сэдэвт 2020 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн баг, хамт олон
Нийслэл, аймаг | Сургуулийн нэр | Хэлэлцүүлсэн илтгэлийн сэдэв | Оролцогчийн нэр | Эзэлсэн байр |
Улаанбаатар | Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын “Монгол Билиг Оюун” сургууль | Суралцагчдын өвөрмөц байдалд тохирсон хэрэглэгдэхүүн сонгож сургалтад ашигласан нь | Б.Ганболд, Б.Санжаажамц Б.Цэндхүү | I байр |
Дундговь | Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц Билиг” сургууль | Суралцагчдын ялгаатай байдлыг харгалзан хичээлээ төлөвлөх нь | Т.Мөнхбат Ц.Цэвэлмаа А.Буянхишиг Г.Мөнхбат Д.Түмэндэмбэрэл | II байр |
Хөвсгөл | Мөрөн сумын “Хөх сувд” 1 дүгээр цэцэрлэг | “Бага насны хүүхдийн сонсоод ойлгох чадварын ялгаатай байдлыг үлгэрээр дамжуулан хөгжүүлэх нь” | Д.Цолмон | II байр |
Улаанбаатар | Баянзүрх дүүргийн “Глобал иннова”, “Шавь” ЦС, 44, 48, 97 дүгээр сургуулийн хамтарсан баг | 6 дугаар ангийн сурагчдын сэтгэл зүйн өөрчлөлтөд тулгуурлан ээлжит хичээлийг зохион байгуулах нь | Ш.Оюунсайхан Г.Баярмаа М.Энхболд Т.Амарсайхан Ч.Өнөржаргал | III байр |
Улаанбаатар | Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль | Сурагчдын сурах арга барилыг ээлжит хичээлд тусгаж, үр дүнг тооцох нь | Д.Энх-Отгон Ч.Гэрэл П.Амарзаяа | III байр |
Увс | Завхан сумын сургууль | “Ялгаа хийгээд ялгаварлал хоорондох зайд…” | М.Мөнхцэлмэг А.Насанжаргал О.Оюун-Эрдэнэ | III байр |
Сэлэнгэ | Мандал сумын 4 дүгээр сургууль | “Ашигтай арван хуруу программ”-аар сурагчдын ялгаатай байдлыг дэмжих нь | Э.Мөнх-Эрдэнэ | Тусгай байр |
Өвөрхангай | Бат-Өлзий сумын сургууль | “Унших бэрхшээлтэй байх магадлалтай сурагчдад дэмжлэг үзүүлэх нь” | А.Амартүвшин | Тусгай байр |
Баянхонгор | Номгон ахлах сургууль | Хүүхдийн авиан буруу дуудлагыг засахад дэмжлэг үзүүлэх нь | Г.Хоролдулам | Тусгай байр |
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС