СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ 2021-2022 ОНЫ ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

ҮНДЭСЛЭЛ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Оны шилдэг илтгэл” шалгаруулдаг үндэсний хурлыг 1967 оноос тухайн үеийн Сурган Хүмүүжүүлэх Ухааны хүрээлэн “сурган хүмүүжүүлэх уншлага” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос Боловсролын хүрээлэн “Боловсрол судлалын оны шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал хэлбэрээр зохион байгуулж ирлээ.

Боловсролын хүрээлэнгээс 54 дэх удаагийн ЭШХ-ыг 2021-2022 оны хичээлийн жилд “БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН ӨСӨЛТӨД АХМАД БАГШ НАРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” сэдэвтэйгээр зарласан. Аймаг, дүүрэгтээ шалгарсан эрдэм шинжилгээний нэг илтгэлийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор БСУГ-ын албан бичгийн хамт ирүүлнэ.

Боловсролын хүрээлэнгээс ЭШХ-ыг сүүлийн 2 жил цахим (онлайн) хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалтай холбоотой энэ жил ч мөн цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Бид цахим хурлыг аймаг, нийслэл, дүүргийн БСУГ-тай хамтарч хийх болно.      

Зорилго

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын зорилго нь боловсролд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэсэн арга туршлагыг эрдэм шинжилгээний бүтээлээр харилцан хуваалцах,   багшийн судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх сургуулийн менежментийг хөгжүүлэх туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.

Илтгэлд тавих техникийн шаардлага

Илтгэлийг:

  1. А4 хэмжээгээр, Аrial 10 pt, мөр хоорондын зай  1.5-аар бичих,
  2. Илтгэлийн зураг, хүснэгт дугаартай, нэртэй байх,

Зохион байгуулалт

Эрдэм шинжилгээний цахим хурлыг Боловсролын хүрээлэн үндэсний хэмжээнд 4 дүгээр сардаа багтаан цахимаар зохион байгуулахдаа нийслэл, дүүрэг, аймаг бүрийн БСУГ-тай хамтран ажиллах бөгөөд энэ хүрээнд БСУГ-тай дараах байдлаар ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Аймаг, дүүргийг цахим хурлын техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах,
  • Илтгэгч хуваарийн дагуу илтгэлээ амжилттай хэлэлцүүлэх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Хурлын дараа илтгэгчдэд диплом хүргүүлэх болон бусад мэдээлэл хүргэхэд хамтран ажиллах,
  • Дараагийн эрдэм шинжилгээний хурлын сэдэв товлоход санал солилцох зэрэг болно.

Хамрах хүрээ

Эрдэм шинжилгээний цахим хуралд аймаг бүрээс шалгарсан 21, нийслэлийн дүүрэг бүрийг төлөөлөх 9 илтгэл хэлэлцэгдэнэ.  

Хугацаа

Илтгэл хүлээн авах хугацаа:

2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө цахимаар ирүүлнэ. Хугацаандаа ирүүлээгүй илтгэлийг хүлээн авахгүйг мэдэгдэж байна.

Цахим хурал зохион байгуулж явуулах хугацааг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:

  • Ирүүлсэн илтгэлийг уншиж танилцах хугацаа 3 дугаар сарын 18-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл
  • Цахим хурал зохион байгуулах байр болон харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн  бэлтгэл хангах 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл
  • Цахим хурал зохион байгуулах хугацаа 4 дүгээр сарын 06-аас 08-ны өдрүүдэд байна.