БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Засгийн Газраас Улсын Их Хуралд Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах салбарын бусад хуулиудын төслийг өргөн барьсан. Энэ ажлын хүрээнд  УИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсгүүд байгуулж, эхний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн болон боловсролын бусад байгууллагуудын удирдлага, багш нарын төлөөлөл оролцов. Энэ үеэр БСШУС-ын Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүд Боловсролын хүрээлэнгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдсэн үйл ажиллагаатай танилцав.


Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулах, үнэлгээний аргачлалыг тогтвортой, оновчтой болгох, сурагч, багш бүрт тэгш боломж олгох, цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх, боловсролын чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох гээд олон чухал шийдлийг энэ хуульд тусгасан болохыг салбарын сайд онцоллоо.


Цогц чадамжтай, насан туршдаа суралцах боломжтой, олон улсын чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх суурь хөрс нь боловсролын хуулийн өөрчлөлт болно гэж ажлын хэсгийн гишүүд харж байна.