ГАДААД ДАХЬ ЭХ ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

БШУЯ, Боловсролын хүрээлэнгээс БМДИ, НТБҮТ, ХЧМЗБХ хамтран гадаад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл зааж буй багш нарт мэргэжил, арга зүйн арга зүйн дэмжлэг үзүүлэх 3 дахь удаагийн цахим сургалт 2021.04.24-2021.05.17-ны өдрүүдэд амжилттай боллоо. Энэ удаагийн сургалтад АНУ, Их британи, Канад, Нидерланд, ОХУ, Польш, Солонгос, Тайвань, Турк, ХБНГУ, Австрали  зэрэг 15 орны 60 багш хамрагдав.


Сургалтын гол зорилго бол гадаад улс оронд эх хэл, соёлоо зааж буй сургалтын төвийн багш нарын мэргэжлийн хөгжлийг хангах, ажлын байран дээр тасралтгүй хөгжих боломж бололцоог олгох, сургалтаар дамжуулж тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг илрүүлэн,  бодит дэмжлэг үзүүлэх явдал юм. Дэлхий нийтээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургалтын цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотой цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад сургалтын агуулга чиглэсэн байв.


Энэ удаагийн сургалтын онцлог бол гадаадын сургагч багш нар хичээлийг хамтран заасан явдал юм. Тодруулбал, Боловсролын хүрээлэнгийн санаачилгаар гадаад дахь монгол хэл соёлын төвийн багш нараас өөрийн хүсэл сонирхол болон ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан сургагч багш болох багш нарыг сонгон авч, шаталсан сургалтыг зохион байгуулж, дадлагажуулж бэлдсэн юм. Багш нарыг сургуулийн өмнөх боловсрол, анхан шат, дунд шат, ахисан шат гэсэн дөрвөн түвшний ангид хуваан хичээллэв.


Хэл шинжлэлийн онол, цахим сургалтын технологи, хөтөлбөр боловсруулах арга зүй, гадаадад амьдарч буй хүүхдийн эх хэлийг хөгжүүлэх идэвхтэй сургалтын арга, хэл засал, даалгавар боловсруулах арга зүй, үнэлгээ гэсэн ерөнхий агуулгаар нийт 72 цагийн хичээлийг судалжээ.