ОРОЛЦОГЧИЙН БАЙР СУУРЬ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний нэгдсэн арга хэмжээнд сонсогчоор идэвхтэй оролцон санал сэтгэгдлээ цахим талбарт хуваалцсан зарим оролцогчтой тусгайлан холбогдож санаа бодлыг нь дэлгэрүүлэн сонсож та бүхэндээ хүргэхийг зорьсон цуврал ярилцлагуудыг хүлээн авна уу. 2021.05.05

Оролцогч: БЗД-ийн 167 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Ц.Гантулга

Ярилцсан: Боловсролын хүрээлэнгийн ЭША Д.Сарантуяа


Цахимаар сонсогчоор оролцогч жирийн иргэдэд ТХБ-ын үзэл баримтлал хэрхэн хүрч, тэднээс ямар санал санаачилга гарч хэрэгжиж ач тусаа өгч байгаа гэж бодож байна вэ?

Ц.Г: ТХБ-ын талаарх сайхан мэдээлэл өгч байгаа олон нийтэд нөлөөлөх ажил болж байгаа. Манай цэцэрлэгийн тухайд гадна, дотно ногоон орчин байгуулж ногоон хөгжлийн боловсрол олгох ажлыг 2017 оноос хийж байна. ТХБ-ын чиглэлээр хүүхдийг зохистой хэрэглээнд сургах, тухайлбал, усаа хэмнэх, хогоо ангилах, тогоо хэмнэх зүйлд сургах ажлыг хийж байгаа.


Таны ажилладаг салбарт ТХБ-ын үзэл баримтлал хэрхэн биеллээ олж хэрэгжиж байна вэ?

Ц.Г: Байгууллагаараа хамтран гадна, дотно ногоон орчноо бүрдүүлэх, хүлэмж байгуулан түүндээ хамтдаа ажиллах, намар хүүхдүүдтэйгээ ургацаа хураах ажлаа хамтдаа хийдэг. Хүнсний ногоо тарих түүнийгээ хүүхдүүддээ таниулах ажлыг хамтдаа хийдэг. Багш, ажилчид, хүүхдүүдээ эрүүл байх нөхцөл боломжийг бүрдүүлж эрүүл мэндийн үзлэгт хамруулан эрүүлжүүлэх, багш, ажилчдаа өдрийн эмчилгээг зохион байгуулах ажлыг зохион байгуулдаг.


Та энэ арга хэмжээний давуу талыг юу гэж бодож байна вэ?

Ц.Г: ТХБ бол хүн бүрийн оролцоо чухал. Бид эцэг эхчүүдээ үйл ажиллагаандаа татан оролцуулж хамтдаа ажилладаг. Хүн бүрийн оролцоог хангахад чиглэсэн анхан шатны чухал ажил болж байна. Цаашид хэрэгжилтэд анхаарах нь чухал болж байна гэж харж байна. Хамгийн гол нь хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд тус нэмэртэй ажил зохион байгуулагдаж байна.


ТХ-ийн талаар та бусдадаа хэрхэн нөлөөлж болох вэ, энгийн жишээ хэлнэ үү.

Ц.Г: Би хүмүүст нөлөөлөхийг их хичээдэг. Хүнсний ногооны хальсаар хөрсөө эрүүлжүүлэх, хогоо ангилах, муу усны бохироо соруулахгүй бол хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талаар зөвлөж явдаг. Зарим нэгэн хүмүүс хүлээж авахгүй нь байдаг ч хэлж л явдаг. Нэг айл, нэг хүн байгальдаа ээлтэй байх талаар ойлгож аваасай гэж их хэлдэг. Тогоо хэмнэх талаар өөрийн мэдлэг мэдээллээ бас хуваалцаж явдаг. ТХБ-д хувь хүний оролцоо, байгальтай зөв зохистой хандах хандлага их чухал үүрэгтэй гэж би бодож явдаг.


Надтай ярилцаж өөрийн санал бодлоо хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Ц.Г: Баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.