ОРОЛЦОГЧИЙН БАЙР СУУРЬ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний нэгдсэн арга хэмжээнд сонсогчоор идэвхтэй оролцон санал сэтгэгдлээ цахим талбарт хуваалцсан зарим оролцогчтой тусгайлан холбогдож санаа бодлыг нь дэлгэрүүлэн сонсож та бүхэндээ хүргэхийг зорьсон цуврал ярилцлагуудыг хүлээн авна уу.

Оролцогч: Нийслэлийн БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхзаяа

Ярилцсан: Боловсролын хүрээлэнгийн ЭША Д.Сарантуяа


– Цахимаар сонсогчоор оролцогч жирийн иргэдэд ТХБ-ын үзэл баримтлал хэрхэн хүрч, тэднээс ямар санал санаачилга гарч хэрэгжиж ач тусаа өгч байгаа гэж бодож байна вэ?

Д.М: Энэхүү зохион байгуулж байгаа цахим хурал нь боловсролын салбарт ажиллаж байгаа төдийгүй жирийн хүмүүст үр өгөөжтэй байна. Манай хамт олон бүгд сонсож, бидэнд тохиолдож буй асуудлуудыг шийдэж болох олон гарцыг олж харж байна. Манай цэцэрлэг Эко орчин бүрдүүлэх ОУ-ын хөтөлбөрт хамрагдаад бүгд сурч, хэрэгжүүлээд явж байгаа. Бид хүрэл “Гэрэгэ” авсан. Манай цэцэрлэг хүүхдүүдээ “Монгол хүн” байх талаас нь дэмжиж хөгжүүлэх, бэлтгэл бүлгээ ардын уламжлалыг өвлүүлэхэд чиглэн байгуулсан. Манай цэцэрлэг 450 гаруй хүүхэдтэй, тэдний гэр бүл цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд 100 хувийн оролцоотой байдаг. Тухайлбал, хогоо ангилах, хүнсний эко хэрэглээнд сургахад анхаарч, одоогийн хөл хорионы нөхцөлд эцэг эхчүүддээ онлайнаар мэдээлэл өгч, хоолны цэсийг гарган хүргүүлж байна. ТХБ-ын чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулах санаа өгсөн сайхан арга хэмжээ зохион байгуулж байна.


– Таны хувьд ТХБ-ыг хөгжүүлэхэд хувь хүний оролцоог юу гэж үзэж байна?

Д.М: ТХБ гэдэг бол ерөөсөө л хувь хүний асуудал чухал. Тухайн хүний зорилго, хэрхэн хэрэгжүүлэх нь тэр хүний хичээл, зүтгэлтэй салшгүй холбоотой юм аа.


– Бүх хүний оролцоог нэмэгдүүлэхэд ямар үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Д.М: Анх 2018 онд энэ цэцэрлэгт ажиллаж эхлээд цэцэрлэг ямар үйл ажиллагааг явуулдаг талаар сурталчилж ажлаа эхэлсэн. 2019 онд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг юунаас эхлүүлэх вэ гээд судлаад хамгийн чухал нь орчноо бүрдүүлэхээс эхлэх юм байна гэсэн үр дүн, дүгнэлт гарсан. Тэгээд бид энэ чиглэлээр сургалт зохион байгуулж, тоглоомоор дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлж болох талаар эцэг эхчүүдэд сургалт явуулж сар бүр тайлангаа тавьж танилцуулдаг байсан. Мөн Би цэцэрлэгтээ очих дуртай гэсэн аяныг удирдамжийн дагуу зохион байгуулж үүнийгээ Эко чиглэл рүү илүү чиглүүлэхэд анхаарсан юм. Энэ бүхнийг бид бүгд хамтдаа хийдэг. Удирдлага, багш, туслах багш, эцэг эхчүүд гээд бүгд оролцоно.


– ТХ-ийн талаар та бусдад хэрхэн энгийнээр ойлгуулж болох жишээ хэлнэ үү.

Д.М: Хамгийн энгийн гэхээр миний хувьд хүүхдээ хэрхэн хамтдаа хөгжүүлж болохыг ойлгуулах нь чухал. Хийж байгаа үйл ажиллагаанд таны оролцоо яагаад чухлыг ойлгуулах хэрэгтэй. Юуг хийж чадахад нь чиглүүлж саналыг нь авах эсвэл тухайн хүний туслах боломжтой зүйлд чиглүүлэх л хэрэгтэй гэж хэлье.


– За, баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Д.М: Баярлалаа. Та бүхний зохион байгуулж байгаа ажил их үр өгөөжтэй байгаа гэдгийг дахин хэлье. Танд бас амжилт хүсье.