ОРОЛЦОГЧИЙН БАЙР СУУРЬ

Боловсролын хүрээлэнгээс түшиц байгууллага болон оролцож буй “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний цахим зөвлөгөөнд сонсогчоор идэвхтэй оролцон санал сэтгэгдлээ цахим талбарт хуваалцсан зарим оролцогчтой тусгайлан холбогдож, санаа бодлыг нь дэлгэрүүлэн сонсож, та бүхэндээ хүргэхийг зорьсон цуврал ярилцлагуудыг хүлээн авна уу.



Оролцогч: Н.Одончимэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийн математикийн багш, “Соёмбын залуус” залуу багш нарын клубийн тэргүүн.


Ярилцсан Боловсролын хүрээлэнгийн ЭША Б. Лхамцэрэн


Хүүхэд залуучууд Тогтвортой хөгжлийн санал, санаачилгуудыг хэр их гаргадаг вэ?

Н.О: Байгальд ээлтэй байдал, мод тарих, орчноо цэвэрлэх зэргээр хүүхдүүдийн зүгээс санал санаачилгууд гардаг хэдий ч тогтвортой хөгжлийн талаарх нарийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. 


Хүүхэд залуучууд ТХ-ийн талаар гаргасан санал, санаачилгаа хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

Н.О: Мөн сурагчдын өөртөө итгэх итгэл, зорьсондоо хүрэх хандлага дутуугаас болоод бодол болоод үлддэг тал бий.  Мөн эцэг, эхчүүдийн тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, ойлголт сул байдаг учраас элдэв уулзалт, хэлэлцүүлэгт зөвхөн сонсогчоор л оролцдог. Санал санаачилгыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгардаг. Харин хүүхдүүд маань ажил хэрэг болгох тал дээр их идэвхтэй. Миний даасан ангийн 4 охин нэгнийхээ төрсөн өдрөөр Дэлгэрэх булаг орчмын газраа цэвэрлэдэг уламжлал тогтоосон байгаа.


– Танд баярлалаа. Амжилт хүсье!