54 дэх удаагийн цэцэрлэг, ЕБСийн багш удирдах ажилтнуудын ЭШХ-ыг амжилттай зохион байгуулав.

БШУЯ, Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг 2020-2021 оны хичээлийн жилд “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ: (танхимын ба цахим хичээл) АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвтэйгээр 54 дэх жилдээ, 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Уг эрдэм шинжилгээний хурлын зорилго нь багш нарын судалгааны ажлын арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд оршино. 


Эрдэм шинжилгээний хурлын анхан шатыг цэцэрлэг, сургуулийн түвшинд 12 дугаар сард, дунд шатыг аймаг, дүүргийн түвшинд 2 дугаар сард, үндэсний түвшинд COVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил дараалан цахим хэлбэрээр зохион байгуулж байна.



Боловсролын хүрээлэнгийн албан ёсны цахим хуудсаар эрдэмтэн судлаач, багш оюутан, эцэг эх, олон нийтэд хурлын үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс шууд дамжуулан хүргэсэн ба давхардсан тоогоор 109000 мянган хандалт хийж 1000 гаруй шэйр хийгдсэн байна.


Эрдэм шинжилгээний цахим хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс 2 үе шатад амжилттай оролцсон нийт 30 илтгэлийг хэлэлцүүлж байгаа бөгөөд Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, МУБИС-ийн багш нарын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг ажиллав. 


Уг цахим хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 89 оролцогч байсан бөгөөд 24 илтгэл нь багаар хамтарсан,  байршлын хувьд авч үзвэл  28 хувь нь нийслэлээс, 56 хувь нь аймгаас, 16 хувь нь сумын төвөөс оролцсон байна. Нийт багш нарын 9 хувь нь зөвлөх, 28 хувь нь тэргүүлэх, 35 хувь заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар оролцож байгаагийн зэрэгцээ нийт оролцогчдын талаас илүү нь анх удаа илтгэлээ хэлэлцүүлж буй 10 хүрэлх жил ажилласан багш нар байна. 


Хуралд оролцсон илтгэлийг үндсэн илтгэл болон илтгэх ур чадвар гэсэн 2 шалгуурын дагуу дүгнэж үзэхэд: 


1-р байранд Сэлэнгэ аймаг, Мандал сумын 4-р сургуулийн багш Э.Мөнх-Эрдэнэ, А.Цэнд-Аюуш, Б.Тэгшболд, Г.Шинэжаргал, О.Тэгшжаргал, С.Ууганбаяр, Л.Ундармаа, Д.Мөнхбаатар нарын “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг “Эдмодо платформ”-оор дэмжих нэгэн шийдэл” сэдэвт илтгэл,


2-р байранд Дорнод аймаг, Хан-Уул цогцолбор сургуулийн багш А.Батгэрэл, О.Мөнхгэрэл нарын “Виртуал лаборатори ашиглан химийн туршилтат хичээлийг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл


Хөвсгөл аймаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Д.Пунцагбалжир, О.Жавхлан, М.Баттунгалаг нарын “Цахим ЭЕШ” системээр сургалтын үйл ажиллагааг дэмжих нь” сэдэвт илтгэл,


3-р байранд Чингэлтэй дүүрэг, 24-р сургуулийн багш Г.Цолмон,  Н.Даваадорж нарын “Хичээлийн үр өгөөжийг  цахим  сургалтаар  дээшлүүлэх  арга зам, тулгамдаж буй асуудал (Нийгэм судлалын хичээлийн жишээн дээр)” сэдэвт илтгэл


Увс аймаг, Улаангом сумын 4-р сургуулийн багш Ц. Энхмөнхийн “Хан академийн хичээлийг цахим сургалтад ашиглах нь” сэдэвт илтгэл,


Сүхбаатар дүүрэг, Шинэ үе сургуулийн багш Н.Баярсайхан, М.Түвшинзаяа, Э.Мөнхтуул нарын “Ухагдахуун ойлголтыг төлөвшүүлэх багшлах загварыг туршсан үр дүнгээс” сэдэвт илтгэл,


Тусгай байранд Говь-Сүмбэр аймаг, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн багш Э.Ариунтунгалаг, Х.Долгорсүрэн нарын “Дэвтрийн тэмдэглэлээр теле хичээлийн үр дүнг нэмэгдүүлэх боломж (9-р ангийн газарзүй англи хэлний жишээн дээр)” сэдэвт илтгэл,


Булган аймаг, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Ч.Отгонбаяр, Б.Лхамсүрэн нарын “Өдрийн тэмдэглэлээр суралцагчдын бичих чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл,


Сүхбаатар аймаг, Түмэнцогт сумын ЕБС-ийн багш Э.Уранцэцэг, Э.Баттогт нарын “Cургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарын хамтын  ажиллагаа чухал болох нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.


ЭШХ-н шүүгчдийн багийн ахлагч  Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор С.Санжаабадам, шүүгч Боловсролын хүрээлэнгийн БХСС-ийн эрхлэгч А.Энхтогтох нар оролцогчдод зориулсан сургалт зөвлөмжийг өгч ирэх жил (2021-2022 оны хичээлийн жил)-ийн ЭШХ-ийг “Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвтэйгээр зохион байгуулах болсныг мэдэгдэв.


Мөн хурлын хаалтын ажиллагааны үеэр энэхүү ЭШХ-д олон удаа амжилттай оролцсон Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш А.Уранчимэгийг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Сүхбаатар дүүргийн Шинэ үе сургуулийн багш Н.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн багш С.Баярмаа, Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Ө.Баянсан нарыг БШУЯ-ны Жуух бичигээр тус тус шагнав. Шагналыг Боловсролын хүрээлэнгийн Захирал Доктор П.Лхагвасүрэн танилцуулж нийт оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэв.  


Боловсролын хүрээлэн