ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавих шаардлага боловсруулах ажил хийгдэж байна.

ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зайлшгүй хэрэглэх, анги, кабинет, лабораторид байх шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, тэдгээрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулж мөрдөх шаардлага тулгарч байна. Боловсролын хүрээлэн ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэх зайлшгүй хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавих шаардлагыг боловсруулах ажлыг дээрх төлөвлөгөөний дагуу хийж байна.


Уг ажлын хүрээнд сургуулийн анги, кабинет, лабораторид хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ, хүртээмжийн өнөөгийн байдлын талаарх асуулга авах үйл ажиллагааг  “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорионы нөхцөлд 11 дүгээр сарын 13-аас 12 дугаар сарын 04-ний хооронд зохион байгуулаад байна. Асуулгад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн давхардсан тоогоор 19 судлагдахуны 15881 багш хамрагдсан байна. Нийт багш нарын 48.0 хувийг нийслэлийн, 52.0 хувийг аймаг, орон нутгийн багш нар эзэлж байна. Асуулгын үр дүнг нэгтгэх ажил хийгдэж байна.