ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Монгол улсын БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, ОХУ-ын Боловсролын академи “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Хоёр байгууллага нь улс хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны уламжлалт туршлага дээр тулгуурлан 2 байгууллагын эрдэмтэн судлаачдын  харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх зорилготой билээ.



Тус “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т талууд харилцан сонирхсон асуудлуудаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх; шинжлэх ухааны төрөл бүрийн асуудлаар хэлэлцүүлэг, семинар, эрдэм шинжилгээний хурал, коллоквиум, конференци, симпозиум хамтран зохион байгуулах; эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, танилцах зорилгоор эрдэмтэн солилцоо хийх; эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр хамтын бүтээл бэлтгэх, хэвлүүлэх ажил эрхэлнэ хэмээн харилцан тохиролцсон.


ОХУ-ын Боловсролын академи (www.rusacademedu.ru) нь:


  • Гадаадын улс орнуудын боловсролын салбарын туршлага, ОХУ-ын нийгмийн дэх ард түмний соёлын ёс заншил ба нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг харгалзан сургалтын технологи, хэрэглэгдэхүүн, сургалт, хүмүүжлийн байгууллагын хэлбэрийг турших,
  • Бүх шатны боловсролын түвшний багш, боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, боловсролын чиглэлээр судалгаа эрхлэх судлаачдыг бэлтгэх, чадавхжуулах үүднээс сургалт, судалгааны байгууллагуудад судалгаа, эрдэм шинжилгээ, арга зүйн туслалцаа үзүүлдэг гол байгууллага юм.

Энэхүү “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулснаар Боловсролын хүрээлэн, ОХУ-ын Боловсролын академийн хамтын ажиллагаа нь боловсролын салбарын судалгаа, эрдэм шинжилгээг  хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.