ГАДААД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДЭД ЭХ ХЭЛ, СОЁЛЫН ХИЧЭЭЛ ЗААДАГ БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дэлхий нийтэд онцгой нөхцөл байдал (Цар тахал) үүссэнээс шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд ч шууд хамааралтай болсон юм. БШУЯ-наас үндэсний хэмжээнд суралцагчдад зориулсан теле хичээл сургалтыг тасралтгүй зохион байгуулж байгаагийн зэрэгцээ багш нарт зориулсан цахим сургалтыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна.


Гадаад дахь монгол хүүхдийн эх хэл, соёлын хичээлийг зохион байгуулж буй  багш нарт цахим хичээл боловсруулах, цахим сургалт зохион байгуулах болон хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээг цахим хэлбэрээр хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил,  арга зүйн дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх  шаардлага бий болсон  юм.


2020 оны 4-6 сард 10 долоо хоногийн турш анхны сургалтыг амжилттай зохион байгуулсан ба түүний үргэлжлэл болгон Боловсролын хүрээлэн, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран хоёр дахь цахим сургалтыг 2020 оны 12 сарын 03-наас эхлэн зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтын онцлог бол багш нарыг анхан ба ахисан хоёр түвшинд, мөн Америк Канад-Ази Европ гэсэн хоёр бүсэд хувааж, судлах хичээлийн агуулгыг “Цахим сургалтын технологи”, “Монгол хэлний жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргачлал”, “Даалгавар боловсруулах арга зүй” гэсэн 3 бүлэг сэдвийн хүрээнд судална. Сургалтад Австрали, Австри, Америк, Англи, Бельги, Ирланд, Канад, Нидерланд, Солонгос, Герман, Франц, Швед, Швейцар, Япон зэрэг 14 орны 50 гаруй багш бүртгүүлэн хичээллэж эхлээд байгаа бөгөөд сургалтыг Google classroom болон Zoom программаар явуулж байна.


Сургалт 2020 оны 12 сарын 03 өдрөөс эхлэн 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.