Олон хэлний боловсролын онлайн сургалт болж байна

“Эх хэлд суурилсан олон хэлний боловсрол: төлөвлөлт, менежмент, сургалт, үнэлгээний асуудал” сэдэвт энэхүү сургалтыг ЕАБХАБ-ын Төв Азийн боловсролын төсөл, Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС хамтран зохион байгуулж байна.


Энэхүү сургалт нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны хооронд “Монгол улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-т харилцан гарын үсэг зурсны дагуу зохион байгуулж буй анхны үйл ажиллагаа юм. Тодруулбал, ЕАБХАБ-ын Төв Азийн орнуудад Боловсролын төслийн хүрээнд зохион байгуулж буй цахим сургалт юм. Сургалтыг ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын ТАБ-ын зөвлөх Стоянова.А.Т эрхлэн явуулж буй бөгөөд сургалт орос хэл дээр (шууд орчуулгатай) болж байна. Сургалтыг нээж Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн үг хэлэв.


Тус сургалтад хос хэлээр боловсрол олгох СХИС (Судлагдахуун ба Хэлийг Интеграцчилан Суралцахуй) буюу GLIL аргыг туршихаар төлөвлөөд байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 3, 5 дугаар бүрэн дунд сургуулийн удирдлагууд, Баян Өлгий аймгийн Цэнгэл сумын сургуулийн сургалтын менежер болон аймгийн Боловсролын газрын зарим арга зүйчид, үндэсний багш бэлтгэдэг их дээд сургуулийн багш нарын төлөөлөл, Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ын эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг нийт 28 хүн оролцож байна.


Сургалтын агуулга нь:
• “Олон хэлний боловсролын хөтөлбөрийн онцлог”
• “Хоёр хэлээр ярьдаг хүүхдүүдийн эх хэл нь боловсрол эзэмшихүйн хувьд яагаад чухал болох”
• “Олон хэлний боловсрол олгох үйл явцад хэлний хэрэглээг ялгах арга зам”
• “Хэл судлагдахуун хоёрыг интеграцчилж заахын мөн чанар, ач холбогдол”
• ”Сургууль олон хэлний боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа эсэхийг үнэлэх гол шалгуурууд”
• “Сургуулийн удирдлагын бэлтгэл ажил” зэрэг 18 цагийн агуулгыг багтаасан юм.


Сургалт нь 2020 оны 12 сарын 1-12 хүртэл үргэлжилнэ.