“КОМПЬЮТЕРЫН ШИНЖЛЭХ УХААН, КОМПЬЮТЕРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ БОЛОН БОЛОВСРОЛЫН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ (ISCSET-2020)

БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн нь боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулж,  ОУ-ын түвшинд боловсрол судлалын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох үйл явцад манлайлан  оролцож ирсэн бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд  “21-р зууны боловсролын парадигм-1” ОУ-ын симпозиумыг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан.


“21-р зууны боловсролын парадигм-2” гэсэн  сэдвийн хүрээнд “Компьютерын шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл болон боловсролын технологи” олон улсын симпозиумыг (ISCSET-2020) 10 дугаар сарын 21-23 -ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.  


Эрдэмтэн, судлаачид судалгааны ажлын үр дүнгээ олон улсын түвшинд танилцуулах, мэргэжлийн болон олон улсын харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээллийг түгээх, хүртээх боломжийг нээж өгч, хамтын ажиллагааг дэмжихэд уг симпозиумын зорилго оршиж байна.   


Энэ жил “Covid-19” цар тахлын улмаас уг симпозиум уламжлалт хэлбэрээ өөрчлөн цахимаар зохион байгуулагдах гэж байна.


“Компьютерийн инженерчлэл”, “Боловсролын технологи”, “Боловсролын онол аргазүйн асуудлууд”  гэсэн сэдвийн дор  ХБНГУ, Франц, ОХУ, Япон,  БНХАУ, Монгол улсын 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлнэ.


ISCSET 2020 Симпозиумын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн,  хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (ШУТИС),  Кемниц хотын Техникийн Их Сургууль, (CUT), ХБНГУ, Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль, (NSTU), ОХУ,  Харбин хотын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, (HUST), БНХАУ,  Монгол Улсын Их Сургууль, (МУИС) нар оролцож байна.


БШУЯ-НЫ ХАРЬЯА БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН