“Дээд боловсролын онол, арга зүй” номын хэлэлцүүлэг боллоо.

Профессор Д.Бадарчийн “Дээд боловсролын онол, арга зүй: Манлайлал, засаглал, өөрчлөлтийн менежмент” номын хэлэлцүүлгийг Боловсролын хүрээлэнгээс санаачлан ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв хамтран 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.


Дээд боловсролын удирдлагын талаарх үзэл онол, туршлагаа хуваалцах, сонирхсон сэдвийн хүрээнд харилцан ярилцах, хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэгт 100 гаруй эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн удирдах ажилтнууд оролцлоо.


Хэлэлцүүлэгт номын зохиогч профессор Д. Бадарч, Боловсролын хүрээлэнгийн захирал доктор П.Лхагвасүрэн, Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч, академич Н. Бэгз, Этүгэн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич С. Нямзагд, ШУТИС-ийн ректор, профессор Б. Очирбат, МИДСК-ийн ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор Т. Хэрүүга, ШУТИС-ийн БАТС-ийн профессор Г. Батхүрэл нар панелистаар уригдан оролцож, тус номын талаарх санал бодлоо илэрхийлж, өөрсдийн туршлагаасаа хуваалцав. “Дээд боловсролын онол, арга зүй” бүтээл нь дээд боловсролын сургалт, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадахуйц бүтээл болсныг хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс илэрхийлж байв.


Энэхүү бүтээлд манлайллын онолын сонгодог бүтээлүүд, манлайлал болон менежментийн ялгаа, манлайлах урлагийг хэрхэн эзэмших, боловсролын манлайлагчдын эзэмшвэл зохих ур чадварын жагсаалт зэргээс эхлээд их дээд сургуулийн засаглалын хөгжил, орчин үеийн их сургуулийн засаглалын корпорацийн хэлбэр, гадаадын их сургуулиудын удирдах зөвлөл болон ерөнхийлөгчийн үүрэг, стратеги төлөвлөлтийн онол, арга зүйг их сургуулийг удирдахад ашиглах, Монголын их сургуулиуд алсын хараа, эрхэм зорилго, стратегиа хэрхэн боловсруулсан талаар, өөрчлөлтийн менежментийн онолууд, өөрчлөлт хийх үе шатууд, тэдгээрт тулгарах бэрхшээл, давж гарах арга замууд мөн байгууллагын зохион байгуулалтын дизайны дээд боловсрол дахь загварууд, их, дээд сургуулиудыг судалгааны их сургууль болгон хэрхэн зохион байгуулах арга зам, гадаадын улс орнуудын туршлагууд зэргийг харьцуулан танилцуулсан байна. Уг номыг уншиж судалснаар та бүхэн Дээд боловсролын манлайлал, засаглал, стратегийн төлөвлөлт, өөрчлөлтийн менежмент, зохион байгуулалтын дизайн зэрэг асуудлын талаар онолын суурь мэдлэгтэй болж, бизнесийн салбарт хэрэглэгддэг эдгээр онол арга зүйг их, дээд сургуулийн бодит амьдрал дээр хэрэглэх, өөрт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаа, мэдлэг олж авах болно.