Багш хүн хэзээд хүнээр баян, хүнсээр баян, эрдмээр баян

(МУ-ын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор Sc.D, профессор, Жалайр овогт Очирын Пүрэвтэй хийсэн ярилцлага)


  • Та намтар, бага насныхаа тухай яриа  ч ?

Миний бие Говь –Алтай аймгийн Шарга сумын нутаг онцгой үзэсгэлэнт, Дархан цаазат “Хасагт хайрхан” уулын “Татаал” хэмээх газар  1950 онд  ард Очирын ууган хүү болон төрсөн. Аав, ээж маань нутаг усандаа  нэр хүндтэй  малч хүмүүс байв. Хоёр  эмэгтэй дүүтэй. Би хурга,  ишиг, хонь хариулж, зүлэг ногоо, хайрга чулуунд  хөл нүцгэн гүйж, хурдан морь унаж, хөдөөгийн сайхныг  мэдэрч,  амталж өссөн хүн дээ.


Шарга сумдаа 4-р анги,  аймагтаа 7-р ангийг үндсэндээ онц дүнтэй төгсөж, 8-р ангид дэвшсэн. Сургуулийн захиргаанаас өгсөн  7-р анги   төгсөгч бүрийг  1000 туйпуу цохиж   хүлээлгэн өгөх даалгаврыг биелүүлэлгүй, ааваа ирэхээр нь  гэртээ харьчихсан. Гэтэл  сургуулийн захирал Б.Гомбо  багш  8-р ангид биш, Халиун сумын Залуу малчны сургуульд хуваарилчихсан. Шийтгэж буй хэрэг. Ангийн багш Б.Бүдээхүү болон  аав маань учир шалтгааныг  хэлж хөөцөлдөж, 8-р ангид суулгах болсон  ч 1 сар гаруй  хичээлээс хөөгдөж байгаад, “салахгүй” нь  гэсэн үү суухыг зөвшөөрсөн. Зөвшөөрөөгүй  бол малчин болох байсан байх.


Аймгийнхаа 10 жилийн сургуулийг  1967 онд амжилттай  төгссөн.


  • Та ямар, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцав?

Улсын Багшийн Дээд Сургуулийг 1971 онд  онц сайн дүнтэй,” улаан” дипломтой төгссөн. Түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй. 1983 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын филиалыг төгссөн.


  • Багш мэргэжлийг яагаад сонгосон бэ?  Таны сонголтонд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ? 

Тэр үед 10-р анги төгссөн хүүхдүүдийг  дотоод, гадаадын   их, дээд сургуульд элсүүлэхээр ирүүлсэн  хуваарийг сургуулийн захиргаа, ангийн багш,  Аймгийн намын хороо л сурлагын дүнг нь харгалзан шийдвэрлэдэг байсан аж.  Би түүх, нийгмийн ухааны хичээлд их сонирхолтой, хичээл заах, лектор юм уу зохиолч болох, бас эрдэмтэй хүн болох юмсан гэж мөрөөддөг  байсан санагдана.  Хамгийн их  нөлөө  нь энэ Пүрэв, Цэдэнбал (10б-г төгссөн, МУ-ын гавьяат багш )  нар багш болох хүүхдүүд гээд Аймгийн намын хорооны бодлогоор Улсын Багшийн Дээд Сургуульд хуваарилсан байдаг. Бидэнд багш болох авьяас, сонирхлын “юм” байсныг  тэд мэдсэн шиг байгаа юм.


  • Багшийн ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? Хаана ямар, ямар сургууль,  байгууллагад ажиллаж байв?

Надад төгссөн сургуульдаа багшлах уу гэсэн саналыг  зарим багш нар маань тавьж байсан ч төрсөн нутагтаа  ажилламаар санагдаад тэр ёсоор аймагтаа хуваарилагдсан.  Аймгийн боловсролын хэлтсийн дарга С.Норов багш (Багшийн сургуулийн ахмад багш ) намайг  сумдын  хамгийн  ууган, том дунд сургууль Тонхил сумын  сургуульд багшлах санал тавьсан. (Санал тавьж гэдэг нь онц төгссөн нөхөр УБ руу буцаж магадгүй гэсэн байх, түүнээс тушаана шүү дээ. инээв) Ингэж  би  энэ хүнлэг даргын зөвлөснөөр  МУ-ын хөдөлмөрийн баатар, нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн Г.Очирбат, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор, “орос хэлний” хэмээх  С.Галсан, МУ-ын гавьяат багш, доктор,профессор, хөдөөгийн нөхцөлд орос  хэлийг бие даан гайхамшигтай сурсан, хэлний гүүш Д.Батчулуун нарын  алдар цуутнуудын  багшилж байсан,  Тонхилын 8 жилийн сургуулиас багшлах  ажлын гараагаа эхэлж,  багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Дараа нь уугуул нутаг Шарга сумын дунд сургуульд захирал, аймгийн боловсролын хэлтэст байцаагч мэргэжилтнээр, 1980 оноос Ардын боловсролын яамны  шийдвэрээр, түүний харьяа Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн одоогийн Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тэргүүлэх ажилтнаар ажилллаж байна. Мөн МУБИС, МУИС,ШУТИС, Хасагт хайрхан дээд сургууль, Орхон их сургууль, Отгон тэнгэр их сургууль зэрэг төрийн болон төрийн бус өмчийн  сургуулиудын бакалавр, магистр, докторын сургалтад тасралтгүй  багшилсан.


  • Багшилж байхад хүндрэл бэрхшээл тулгарч байв уу?

Байлгүй яахав. Хүндрэл бэрхшээлгүй ажил, мэргэжил гэж нэг ч байхгүй. Гагцхүү бэрхшээлийг ухаалгаар  гэтлэх,  бүр боломж, гарц болгон хувиргах хэрэгтэй. Хичээлээ сайн зааж, шавь нар сонирхол, анхаарлаа  ид  төвлөрүүлж байхад, нэг зүггүй, хөдөлгөөнтэй шавь саад хийхэд, багшийн  бие, ухаан, сэтгэл  өөрчлөгддөг. Энэ жижиг бэрхшээл боловч шавь нарынхаа сурах арга, хандлага, хүмүүжлийн  байдлыг нэг бүрчлэн сайжруулах хэрэгтэй гэсэн дохио өгч буй хэрэг.


  • Хэзээ МУ-ын гавьяат багш цол авсан бэ?  Гавьяат багш цолоор шагнасан учир?  Төрсөн сэтгэгдэл?

2018 оны 7-р сард үндэсний их баяр наадмын өмнөхөн МУ-ын гавьяат багш цол хүртсэн. Миний багшлах үйл хэрэг,  боловсрол, сургалт, эрдэм судлал, шинжлэх ухаанд оруулсан онцлох хувь нэмэр, амжилт, бүтээлийг минь төр засаг өндрөөр үнэлж, МУ-ын гавьяат багш цолоор шагнасан юм. Үүний учрыг би бодит үйлээр багшлах, номын эрдмээр багшлах гэсэн 2 санааны дор дараах 3 чиглэлээр  товчхон хэлье. Үүнд: Нэгд, Миний бие бодит үйлээр багшлах буюу  практик талаасаа ч Монголын боловсрол, сургалтад шинээр санаачилж,  хэрэгжүүлсэн хичээл, түүний агуулга, арга зүй, томоохон төсөл,   хөтөлбөрүүд,  мөн сургалтын хөтөлбөр, стандартууд нэлээд бий. Эдгээрээс  заримыг дурдвал: ЕБС-д Хүн  төрөлхтний соёл иргэншлийн  түүх (1991 ), Эрх зүй  хичээлийн хүний эрхийн хэсэг (1993 он), Нийгмийн  тухай мэдлэг (1991) хичээлүүдийг анх санаачлан,  сургалтын  хөтөлбөр, сурах бичгүүдийг  зохиолцож, манай улсын ЕБС-иудад нэвтэрүүлсэн.Монгол улсын шинэ Үндсэн хуулийг ЕБС-ийн бүх сурагч, оюутан суралцагчдад судлуулах сургалтын хөтөлбөр(1992)-ийг анхлан зохион боловсруулж, уг хөтөлбөр болон сурах бичгийг 1992, 1996 оноос сургалтын практикт  хэрэгжүүлж, шинэ Үндсэн хуулийг зохион батлалцахаас  дутахааргүй  үйлс бүтээсэн.  Хүүхэд, залуучуудад хүний эрхийн болон ардчиллын боловсрол олгох талаар санаачилга гарган, 1994 онд суурь боловсролын 6-р ангийн сурагчдад зориулсан “Хүний эрх” ном бичсэн нь хүний эрхийн боловсролын талаарх анхны сурагчийн ном болсон. 1998-2009 онд хэвлүүлсэн “Нийгмийн тухай мэдлэг”, “Нийгмийн ухаан” сурах бичгүүдэд  “Ардчилал” бүлгийг  анх санаачлан бичсэн нь сурагчид  ардчиллын боловсролыг  системтэй эзэмших боломж бүрдүүлсэн зэргээр Монголын нийгмийн тогтолцооны  өөрчлөлтийн нөхцөлд түүх, нийгмийн боловсролыг шинэ үзэл, хандлагаар хөгжүүлэх үндэс суурийг тавилцсан. “Олон улсын  хүмүүнлэгийн эрх зүйг судлах нь” (2002) боловсролын хөтөлбөрийг  Монголд хэрэгжүүлэх ажлыг эхлэн санаачилж, багийн ахлагчаар ажиллаж, багц хэрэглэгдэхүүнийг боловсруулж бэлтгэн, нийгмийн ухааны  бүх багш нарыг шинээр суралцуулсан (багийн гишүүдийн хамт). Монгол үндэсний өв, соёл, уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл, хүмүүжлийг хүүхэд, залууст эзэмшүүлэх зорилгоор  “Монголын уламжлалт ёс суртахуун ба мэдлэг ухаан” төслийг  (2000 он) санаачлан, боловсруулж, эрдэмтэн багш нарынхаа хамт Монголын уламжлалт ёс суртахуун, Сэтгэлийг ариусгахуй, Уламжлалт мэдлэгийн  үндэс ном, гарын авлагуудыг зохиолцож, редакторлан, ЕБС-иуд, сурагчдын хүртээл болгосон. Ерөнхий боловсролын түүх, нийгмийн  ухааны 1998, 2004 оны  стандартын  зохиогч,  багийн ахлагч,  12 жилийн сургуулийн түүх, нийгмийн  ухаан, иргэний боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, шинэчлэх багийн ахлагч, гишүүнээр ажиллаж, ерөнхий боловсролыг  12 жилийн тогтолцоонд  шилжүүлэх, боловсролыг шинэчлэх  үйлст бодит  хувь нэмэр оруулсан зэрэг олон онцлох амжилт,  хувь нэмрээсээ  дурдаж болно.  Хоёрт, Номын эрдмээр багшлах буюу эрдэм судлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн хэрэг. Бибагшлах үйл , боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролыг хүмүүншүүлэх онол, хандлага (2003, 2006), тухайлбал, хэм хэмжээний боловсрол, сэтгэлийн боловсрол, бүтээлч чадамжийн боловсрол гэсэн шинэ чиглэлүүдийг дэвшүүлэн тавьж, эдгээрийг дунд, дээд сургуулийн сургалт,  иргэний боловсрол, түүх, нийгмийн ухаан зэрэг  хичээлүүдээр хэрэгжүүлсэн. Гуравт, Нийгмийн ухааны боловсрол судлалын чиглэлээрх анхны шинжлэх ухааны доктор бөгөөд магистр, доктор Ph.D 50 гаруйг удирдан хамгаалуулж, нийт 40 гаруй доктор Ph.D, шинжлэх ухааны докторын диссертацид албан ёсны шүүмж бичсэн, багшийн багш  хүн юм.  Үүний зэрэгцээ Эрх зүйч болон түүх, нийгмийн ухааны  багш бэлтгэх “Хасагт хайрхан” дээд сургуулийг үүсгэн байгуулж,  энэ чиглэлийн олон арван боловсон хүчнийг улс орондоо бэлтгэсэн. Мөн “Нийгэм-хүмүүнлэгийн боловсрол” мэргэжлийн сэтгүүл, Засагт хан” сонин, Монголын  түүх, нийгмийн ухааны багш нарын холбоо, академи,Түүх, нийгмийн ухааны улсын олимпиадыг анх  санаачлан үүсгэж, хөгжүүлсэн  зэрэг онцлох хувь нэмрийг үнэлсэн.


Төр нүдтэй юм байна гэдгийг мэдэрч биширсэн. Төрүүлсэн аав, ээж, халамжит хань, үр хүүхдүүддээ маш их баярласан. Энэ эрхэм цолд тодорхойлж, дэмжсэн Монголын боловсролын уураг тархи болсон Боловсролын хүрээлэнгийн нийт хамт олондоо онцгойлон их баярласан. Боловсролын салбарынхандаа баярласан. Би энэ цолоо төрийн хишиг, түмний дэмжлэг, хайр гэж  сэтгэл зүрхнээсээ сүслэсэн.


  • Гавьяат багшийн бусдаас  ялгагдах  шинж чанар юу вэ?

Аливаа улс үндэстэн ажил, мэргэжил,нийгэмдээ онцгой  амжилт, бүтээл гаргасан хүнээ шагнаж урамшуулдаг нь төр, нийтийн их хүндэтгэл юм. Иймээс   гавьяат багш хүн бусдаас мэргэжил, эрдэм мэдлэг, ур чадвар, сэтгэлгээний цар хүрээ, манлайлал, хүнийг хайрлах, нигүүлсэх чанар, үйл, үйлдэл, бүтээл туурвилаараа үнэхээр ялгарч байх ёстой гэж  би боддог. Ялгардагч байх. Монголчууд оюун  ухаан, сэтгэлийн чадавхтай  хүнийг гүн ухаантай хүн, их ухаантай хүн, саруул ухаантай хүн  хэмээн  ангилан үздэг. Гавьяат багшид эдгээр ухааны аль аль нь байгаа болохоор  бусдаас цолгорон  ялгагддаг болов уу.


  • Багш мэргэжлийн сайн ба муу тал нь  юу байсан бэ?

Юм бүхэн, мэргэжил бүхэн сайн, сул хоёр талтай. Миний бодлоор багш мэргэжлийн сайн тал нь олон, сул тал нь цөөн. Хүүхэд, залуус, “хүн” гэдэг үнэт эрдэнийг жинхэнэ хүн, иргэн болгон хөгжүүлж, хүмүүжүүлж, мэргэжил эзэмшүүлж  байгаа нь энэ мэргэжлийн цаглашгүй их ач буян хийгээд чухамхүү  суурь сайн тал нь. Зөвхөн материаллаг ашиг хонжооны нүдээр харвал, багшийн цалин манайдаа бага (хөгжингүй улсуудад багшийн хөдөлмөрийн үнэлэмж өндөр жишээ нь, нэлээд олон жилийн өмнө Япон улсад багшийн цалин бусад  бүх мэргэжлийнхээс 5-7%-иар өндөр байв.), түүнчлэн хичээлээ сайн заах, хүүхэдтэйгээ тулж ажиллах  зэргээс үүдээд  багш хүнд хувьдаа зарцуулах, арилжаа, бизнес хийх цаг хомс гэвэл сул тал байж  болно. Энэ нь багшийн мэргэжлийн зорилго биш учраас багш хүний мэргэжил, хөдөлмөр, сэтгэлийн үнэлэмжийг  бодитой дээшүүлсэн нөхцөлд тэр сул тал давуу тал болж хувирна.


  • Таны бодлоор багш хүн ямар байх ёстой вэ? Юугаараа бусдаас илүү давуу байх ёстой вэ?

Багшийн мэргэжлийн онцлог нь тухайн улс үндэстний,  улмаар хүн төрөлхтөний багш  байхад оршдог. Энэ бол багш мэргэжлийн аугаа их үнэ цэнэ.  Ийм учраас  багш хүн мэргэжилдээ жинхэнэ эзэн, чухамхүү манлайлагч, хүний сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулагч, хүн бүрийн, хүүхэд бүрийн эрхэм дээд хүслэнгийн бодит үлгэр загвар  болсон хүн байх ёстой. Ингэхлээр багш хүнд зохих цогц чадамжууд хөгжсөн  байна. Ямар цогц чадамжууд  вэ? Мэргэжил, мэдлэгийн цогц чадамж, заах арга, ур чадварын цогц чадамж, харилцаа, ёс суртахууны цогц, судлан шинжлэх, хүнийг танихуйн цогц  чадамж гэх мэт. Эдгээрээрээ бусдаас илт давуу байх ёстой. Цогц чадамжуудыг задлаад яривал их цаг орно.


  • Багш хүний анхаарах ёстой зүйл, баримтлах ёстой зарчим юу вэ?

Мэргэжилдээ үнэнч байх. Багш хүн ямар ч ажлыг чин сэтгэлээсээ, туйлд нь  хүртэл чанартай хийж байх хэрэгтэй. Багш хүний бие, хэл, оюун, сэтгэл цэвэр ариун байх ёстой.  Шавь нар маань эндээс  л үлгэр жишээ авна. Өөрөө тасралтгүй суралцах, бусдаас сурах,  ямагт шинийг эрж хайх, шударга, үнэнч , энэрэнгүй, хүмүүнлэг, ажил хэрэгч  байх зарчмыг алхам тутамдаа мөрдөх учиртай.


  • Багш хүний жаргал юу вэ?

Заасан хичээл маань шавь нарын сэтгэл, танин мэдэхүйг хангах, шавь нар минь сурлага, ажил, мэргэжил, амьдралаараа сайн сайхан, бас ахиж, дэвшиж байхыг харах  нь жаргал.


  • Сургалтадаа хэрэглэж ирсэн хамгийн гол арга, заах арга зүй тань юу  байсан бэ?

Өөрсдөөр нь сэтгэн бодуулах (асуулт, асуудал дэвшүүлэх, шийдүүлэх), юмс үзэгдлийн учир шалтгаан, үр дагаврыг нээн харуулах, үнэлэх арга.  Шавийн суралцахуй, багшийн заахуйг  зохистой хослох, шавь нарын 6 мэдрэхүй, танихуйг хөгжүүлэх арга зүй.


  •  Таны бодлоор Монгол хүүхдийн сурах аргын онцлог юу вэ?

Боловсролын хүн судлалын үүднээс  Монгол хүүхдийн сурах аргын онцлогийг лавшруулан судлах шаардлагатай. Сурах арга, сурах хэв шинжийг ялгаж ойлгох хэрэгтэй. Сурах арга нь түгээмэл шинжтэй, сурах хэв маяг нь угсаатан, үндэстний антропологи, соёл, иргэншил, экологи зэрэгтэй илүү холбоотой. Энэ талаар би сонирхдог, судалдаг. Монгол хүүхэд түргэн сэтгэдэг,  сониуч, ажигч, ерөнхийгээс тусгай руу сэтгэдэг, хөдөлгөөнтэй, дасан зохицох чадвартай, монгол хүүхдийн гарын ур, эвсэл хөрвөмтгий  г.м. онцлогтой. Эдгээр нь  сурах аргад нь эерэг нөлөөлөх  онцлог юм. Өнөөгийн багшийн гол зорилго бол хүүхэд, залуусыг өөрөө сурах арга барил, зөв сэтгэлтэй болгоход оршино.


  • Шавь нартаа хэлдэг сургаал захиас тань юу вэ?

Өөрийгөө байнга өсгөж, хөгжүүлж бай. Ямар ч хүнд  хэзээ ч сайн сайхнаар хандаж  байгаарай. Хүнийг бүү алагчил. Алдаа хийсэн ч уучилж сур. Тухайн хүн ухаан, ухамсар, мэдлэг, чадвар дутмагаас болсон  байж болно.


  • Шавь нартай чинь холбоотой мартагдашгүй дурсамж, үйл явдал?

Олон дурсамж бий дээ. Ганцыг хэлье. Говь-Алтай аймгийн Тонхилын дунд сургуульд  7-р анги дааж төгсгөсөн анхны шавь нар минь (7а-г би даасан,7б-гийнхээ  хамт)  бүр  40 жилийн дараа ,  мартсан шахам үед,  гэнэт бүгдээрээ газар газраас  цугларан  ирж,  намайг гэргийн (манай хүн багш мэргэжилтэй)  хамт  хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, хууч дэлгэж, хөгжилдсөн нь багш хүн хэзээ ч хүнээр баян, хүнсээр баян, эрдмээр баян юм даа гэсэн сайхан дурсамж үлдээсэн г.м.


  • Таны бодлоор Монгол улсын боловсролын бодлого хаашаа явж байна? Ямар чиглэлээр хөгжих ёстой гэж үзэж байна вэ?

Манай улсын боловсролын бодлого ерөнхийдээ  олон улсын чиг хандлагыг баримжаалж байгаа. Энэ ч зөв. Гэхдээ Монгол бол 2200 гаруй жилийн төр улсын түүхтэй, төдий хугацааны соёл иргэншилтэй, дэлхийн ууган үндэстний нэг. Тийм болохоор Монголчууд хүүхэд, залуусаа, хүнээ сургаж, хүмүүжүүлж  ирсэн арвин баялаг уламжлалтай ард түмэн. Тэгэхлээр Монголын боловсролын бодлого цаашдаа үндэснийхээ боловсрол, сургалтын  үнэт өв, тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бас шинэтгэл хийхэд чиглэх. Наад захын жишээ нь, монгол хүний сурах онцлог, язгуур үнэт зүйл буюу амин чанар, адилсал нь юу вэ?, бусад хүмүүс , үндэстнээс юугаараа ялгагддаг вэ?, давуу, сул  тал нь юу бол?, монгол  хүн хэр эрчимт (эр зоригтой, тэсвэр хатуужилтай, ухаантай г.м.), бүтээмжит  чанартай вэ? зэргийг их тодорхой болгож, үүнийг нь хөгжүүлэхэд боловсролын бодлого бичил, дунд, том аль ч түвшиндээ  чиглэх учиртай. Би энэ талаар бичсэн. Юуны өмнө Боловсролын  бодлого судлал, Боловсролын бодлогын шинжилгээ (анализ) гэсэн 2 ухааныг хөгжүүлж , үүнд суурилсан  боловсролын  бодлого гарвал улам өгөөжтэй байх болно.


  • Удахгүй багш болох гэж байгаа бидэнд зөвлөгөө өгөөч? Таны бодлоор багш болох оюутан бидний эзэмшвэл зохих хамгийн гол зүйл юу вэ?

Энэ асуулттай холбогдох  зарим санаанууд дээр  гарсан.  Эрдэм, мэргэжилд орой ч байхгүй, ёроол ч байхгүй, харин ууланд орой , далайд ёроол бий. Тиймээс та нарын эзэмших хамгийн гол үнэт зүйл эрдэм, ур чадвар. Эрдэм бол боловсрол, хүмүүжлийг нэгэн цул болгон цогцлоосон үнэт зүйл. Зүйрлэе.  Гал ямар ч нөхцөлд өөдөө. Энэ бол галын эрдэм. Ус ямар ч нөхцөлд  уруугаа. Энэ усны  эрдэм. Эрдэмтэй багш баян. Эрдэмд ур чадвар ч багтаж буй. Эрдмийг л сураарай. Эрдэмтэй болоход цөхөрч, тасалдаж үл болно. Багш хүний уламжлалт 10 эрдмийг ахин судалж, эзэмшээрэй.


  • Та судалгаа шинжилгээний ажил хийж байсан уу?

Би боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаан, түүх,  нийгмийн ухааны чиглэлээр 40 гаруй  жил судалгаа, шинжилгээний ажил хийж байна. “Монголын түүхийн сургалтын онол, арга зүйн үндэс” сэдвээр 1992 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.Түүх, нийгмийн  ухааны боловсролоор дэд эрдэмтэн болсон  2 дахь хүн. Г.Даваацэрэн багш “Монголын түүхийн хичээлээр коммунист хүмүүжил олгох арга, боломж” сэдвээр 1970 дэд эрдэмтэн болсон нь анхных юм. Миний бие 2003 онд “XXI зууны Монголын түүх, нийгмийн ухааны боловсролын  онол, методологи”( Боловсролын арга судлалын үндсийн судалгаа)”сэдвээр  боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Sc.D-ын зэргийг МУ-ын ШУА-д хамгаалсан.  Эдгээр судалгаагаар  XXI зууны Монголын түүх, нийгмийн ухааны боловсролын  онол, методологийн  үндэс, тогтолцоог цогцоор судлан  тодорхойлсон. Боловсрол дахь түүхэн сэтгэл судлалын чиглэлийг (1996) Монголын  нөхцөлд  анхлан сэдэн хөгжүүлсэн. Нийгэм, эрх зүйн боловсролын шугаман ба шугаман бус тогтолцооны онол, загварыг шинээр дэвшүүлсэн.


  • Та ямар нэгэн ном бүтээл тууурвиж  бичиж байсан уу ?

Олон жилийн  судалгаа, шинжилгээ, багшлах ажлынхаа үр дүнд “Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн  зарим асуудал” УБ, 2007, I боть, “Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн  зарим асуудал” УБ, 2013, II боть, “Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн  зарим асуудал” УБ, 2018, III боть, “Боловсролын  философи” (хамтын бүтээл) УБ., 2012, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” УБ., 2013, “Иргэний боловсролын агуулга, арга зүй”  УБ., 2008, “Түүх, нийгмийн ухааны боловсрол” УБ., 2001,”Нийгмийн тухай мэдлэг” УБ.,1998,2000,  Эрх зүй сурах бичиг УБ., 1998, “Нийгмийн ухаан” сурах бичиг,  УБ.,  2009, “Говь-Алтай аймгийн товч түүх (хамтын бүтээл)” УБ.,2000, Шарга сумын дунд сургуулийн түүхийн товч  УБ., 2006, Боловсролын хүрээлэнгийн түүх УБ.,2016, Монголын уламжлалт ёс зүйн үндэс  УБ., 2007 зэрэг нэг сэдэвт  зохиол, ном, сурах бичиг 60 гаруйг  дангаар болон  хамтран бичиж хэвлүүлсэн.  Эрдэм шинжилгээ, арга зүй, сурталчилгааны  өгүүлэл 140 гаруйг нийтлүүлсэн. Сургалтын хөтөлбөр, стандарт, зөвлөмж, гарын авлага 100 гаруйг  бусдын хамт хэвлүүлсэн.  Дотоод, гадаадад судалгааны илтгэл 50 гаруйг хэлэлцүүлж, нийтлүүлсэн.  Ном, сурах бичиг 70 гаруйг редакторласан. Нийт 450 гаруй бүтээлийг нийтлүүлж, практикт хэрэгжүүлсэн. Бүтээлүүдээс  ОХУ, Герман, Япон, БНСолонгос, Украйн, Киргизстан зэрэг улсад хэвлэгдсэн. Мөн бүтээлүүдээс  маань Монголын багш, сурган хүмүүжүүлэгчид,  эрдэмтэд цөөнгүй ишлэл авсан байдаг. 10 гаруй бүтээл  зохиогчийн эрхийн гэрчилгээтэй.


  • Бидний дутуу асуусан зүйл байна уу?  Таны нэмж хэлэх зүйл?

Миний бие 1992 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1998 онд дэд профессор, 2006 онд Монгол улсын профессор цол  хүртсэн. Монголын боловсролын  шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Монголын  хүмүүнлэгийн  ухааны академийн жинхэнэ гишүүн,  Боловсрол  судлалын  шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалуулах эрдмийн  зөвлөлийн  гишүүн, “Боловсрол судлал” сэтгүүлийн  редакцийн  зөвлөлийн  гишүүн, Боловсролын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Биеийн тамирын сургуулийн Эрдмийн зөлөлийн гишүүн,  Монголын  түүх, нийгмийн ухааны багш нарын холбооны тэргүүн, Монголын  түүх, нийгмийн ухааны багш нарын академийн Удирдах зөвлөлийн дарга, “Нийгэм-хүмүүнлэгийн боловсрол” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, ОХУ-ын Тува  улсын Их сургуулиас эрхлэн гаргадаг “Боловсрол, Сурган хүмүүжүүлэх ухаан” сэтгүүлийн редакцийн  зөвлөлийн  гишүүн зэрэг 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллагад  оролцоо, гишүүнчлэлтэй.


Намайг  бас  төрийн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,  Ардын боловсролын болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Монголын багш нарын холбооны дээд шагнал эрдмийн алтан од, Монголын улаан загалмай нийгэмлэгийн  дээд шагнал  “Нигүүслэл” алт, мөнгөн медаль зэрэг шагналуудаар шагнасан юм.


Ярилцлага хийсэн: Багш, доктор, дэд профессор А.Оюунтунгалаг


Оюутан Н.Долгор


                                                                                   2018.11.28