Монгол хэл, соёлын сургалт зохион байгуулах багш нарыг чадавхжуулах сургалт боллоо

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эх орондоо түр болон бүрмөсөн ирсэн монгол хүүхэд, залуучуудын эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний соёл, түүх урлаг, ёс заншил, өв уламжлалаас суралцах, эх орноороо бахархах үзэл, хандлагатай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол хэл, соёлын сургалтыг аймаг, дүүргийн НТБ-ын төвүүдэд зохион байгуулахаар болсон.


Энэ хүрээнд хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор Насан туршийн боловсролын үндэсний төв, БМДИ-тэй хамтран 2020 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулав.Сургалтад Дархан, Дорноговь, Орхон, Өмноговь аймгийн болон дүүргийн насан туршийн боловсролын багш нар хамрагдлаа.


Багш нар жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, түвшин бүрт тохирсон бүлэг, нэгж, ээлжит хичээлийг төлөвлөх чиглэлээр мэдээлэл солилцож, зорилтот бүлгийн суралцагчийн монгол хэлний түвшинг оношлох, үнэлэх, эцэг эхтэй хамтран ажиллах, зайнаас сургалт зохион байгуулах, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах чиглэлээр чадавхжиж байна.


Сургалтын үр дүнг багш нар цагаа олсон, хүртээмжтэй, оролцоонд тулгуурласан гарын авлага нь багш нарын ажилд дэмжлэг болсон ба цахим сургалтын талаар ойлголт өгсөн гэж үнэлсэн байна.


Мөн цаашид сургалт зохион байгуулахад тухайн  агуулгаа эзэмшихэд хангалттай хугацаа өгөх, цахим сургалтыг явуулах тохиолдолд интернетийн холболтын хүртээмжтэй байдлыг анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн байна.