ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДЭД ЭХ ХЭЛ СОЁЛЫН ХИЧЭЭЛ ЯВУУЛЖ БУЙ БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ч хамаатай юм. БСШУСЯ-наас үндэсний хэмжээнд суралцагчдад зориулсан теле хичээл сургалтыг тасралтгүй зохион байгуулж байгаагийн зэрэгцээ багш нарт зориулсан цахим сургалтыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна.


Европ, Америк, Азийн орнуудад тогтоосон хөл хорионы улмаас хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг сургалтын төвийн үйл ажиллагаа ч бас цахим хэлбэрт шилжсэн бөгөөд сургалтын төвд суралцаж байгаагүй хүүхдүүд ч монгол эх хэл, соёлоо судлах хандлага нэмэгдэж, багш нар цахим сургалт зохион байгуулах хэрэгцээ ихэсч, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, соёлын сургалт зохион байгуулж буй багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлага гарсан юм.


Иймээс БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн болон БМДИ-ээс ХЧМЗ-ийн Боловсролын хороотой хамтран хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг 2020 оны 2-р сарын сүүлээс эхлүүлэв. Үүнд юуны түрүүнд цахим сургалт зохион байгуулах ур чадварт дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Сургалтын идэвхтэй аргуудыг цахим хичээлд ашиглах нь”,  “Зайн сургалтад хэрэглэх боломжит технологиуд”, “Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” зэрэг агуулгатай цахим сургалтыг 2020 оны 4-6 сард зохион байгуулна.


Боловсролын хүрээлэнгийн ЭША, сургагч багш нар анхны цахим хичээлийг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Уг цахим хичээлд ХБНГУ, АНУ, Белги, Франц, Англи, Австри, Швед, БНСУ, Япон зэрэг улсаас 30 гаруй багш хамрагдлаа.  


Мөн багш нартай “Монгол хүний үнэт зүйл, уламжлалт ёс заншил”, “Хүүхдийн сэтгэл зүйг судлах арга аргачлал”, “Хүүхэд, эцэг эх, багшийн нэгдмэл үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.