Тусгай хэрэгцээт боловсролын хүүхдийн хөгжлийг дэмжих: Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж

Сургууль, цэцэрлэгийн хорио цээртэй холбогдон эцэг эхчүүд гэр бүлийн орчинд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих  нь чухал юм. Иймд бид тусгай хэрэгцээт боловсролын хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих талаар эцэг эхчүүдэд туслах зорилгоор зөвлөмж хүргэж байна.


Тухайн зөвлөмжийг хүүхдийн хөгжлийн онцлог зан үйлд нь нийцүүлэн хэрэгжүүлэхийг хүсэж байна.


Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь (3-5 нас)

  • Хүүхдийнхээ амралт хоолыг нь зөв зохицуулах, хүүхдийн гүйцэтгэх үйлийг цагийн хуваарьт оруулан мөрдөх нь үр дүнтэй.
  • Ээж нь сэтгэл санааны дэмжлэг, халамж анхаарлаа нэмэгдүүлэх
  • Ямар нэгэн саажилттай бол гэрийн нөхцөлд хүүхдэд массаж байнга хийдэг байх
  • Хүүхэд 21-22 цагийн хооронд унтаж, өглөө тогтмол цагт босдог байхад анхаарах
  • Хүүхдийнхээ бие бялдрын хөгжлийн онцлогт нь тохирсон энгийн дасгал хөдөлгөөнийг хамтран хийх. Тодорхой дасгал хөдөлгөөнийг өдөр тутам хийх дадал зуршлыг бий болгох
  • Хүүхэд гар нүүрээ,шүдээ угаах зөв угаах зан үйлийг хэвшил болгох, үүнд эцэг эх хамтрах, цаашид бие даахад нь туслах  
  • Орчны зүгээс хүүхдийг хэт хөөрөлд оруулахаас зайлсхийх, жишээ нь айдаст автах, эсвэл хэт хөөрлийн байдалд оруулах нөхцлийг бүрдүүлэхгүй байх
  • Хүүхэд уурлан бухимдсан бол түүнийг тайвшруулахыг хичээх
  • Хүүхдэдээ сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах болон сайн муу зан төлөвийн талаар тайлбарлан, мөрдөхөд нь дэмжих
  • Хүүхдээр бүтээл хийлгэх (өнгийн харандаа, усан будаг, баримлын шавар хэрэглэн)
  • Хүүхдэд үндсэн өнгө, цифр зэргийг тогтоолгох, цаашилбал өдөр хоног, гаригийг нэрлэж сурахад нь дэмжих
  • Хүүхдийг өөрийн биеийн эрхтнээ нэрлэж сургах
  • Өдөр, орой, маргааш гэх мэт цаг хугацааны тухай ойлголтыг төлөвшүүлэхийн тулд тайлбарлах, тухайн үгсийг хэрэглэн хүүхэдтэйгээ ярьдаг байх
  • Хүүхдэдээ тодорхой зүйл хийх зааврыг маш ойлгомжтойгоор тайван, бүтэн өгүүлбэрээр хэлдэг байх, ойлгосныг хүүхдээс эелдэг байдлаар асууж, урамшуулах, ойлгоогүй бол давтан тайлбарлах
  • Шүлэг, энгийн богино үлгэр уншиж өгч хүүхдээр яриулах, дүр бүтээлгэх, эцэг эх дүр төсөөлөлийг бий болгож хүүхдэдээ уншиж өгөх
  • Хүүхдийг дуурайх, онцлогт нь тохирсон сэтгэн бодох тоглоомоор тоглуулах  
  • Хүүхэд авиа үсгийг буруу дуудаж байгаад хэт анхаарч шүүмжлэхгүй байх, түүнийг засаж хэлэхэд нь зөвлөх
  • Асуусан асуултад нь бүрэн гүйцэд хариулах
  • Хүүхдээр өдөр тутамдаа өмсөх хувцас, идэх хоол зэргийг нь асууж ярилцан сонголт хийлгэдэг байх
  • Бие дааж өөрөө хувцаслах, тайлах гэх мэт үйлийг хэвшүүлэхийг эрмэлзэх
  • Хамтдаа хөгжим сонсох, дуулах, бүжиглэх гэх мэт үйлийг хийх
  • Ганцаардмал зан төлөвтэй бол хүүхэдтэйгээ хамт тоглох, өөр хүүхэдтэй тоглох, бусадтай өөрт байгаа зүйлээ хуваалцаж сурахад анхаарах
  • Хамтдаа кино үзэж үйл явдал, утга санааг нь ярилцах
  • Хамтдаа агаар салхинд гарах

Сургуулийн насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь

Бие бялдрын хөгжлийг дэмжих нь

  • Хүүхдийнхээ амралт хоолыг нь зөв зохицуулах, хүүхдийн гүйцэтгэх үйлийг цагийн хуваарьт оруулан мөрдөх нь үр дүнтэй.
  • Ээж нь сэтгэл санааны дэмжлэг, халамж анхаарлаа нэмэгдүүлэх
  • Ямар нэгэн саажилттай бол гэрийн нөхцөлд хүүхдэд массаж байнга хийдэг байх
  • Хүүхэд 21-22 цагийн хооронд унтаж, өглөө тогтмол цагт босдог байхад анхаарах
  • Эрүүл ахуйн дадал зуршилд анхаарал хяналт тавьж, зөв дадал зуршлыг бий болгоход анхаарах (гар, нүүрээ, шүдээ угаах, хувцсаа өмсөх, тайлах гэх мэт)
  • Хүүхэд өглөө босоод тогтсон цагт өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж сурах нь бие бялдрын хөгжил төдийгүй нийгэмшил, танин мэдэхүйн хөгжилд нь чухал нөлөөтэй.
  • Хүүхдэдээ тоглох цаг олгох, эцэг эх нь хамтдаа тоглох нь үр дүнтэй.

Танин мэдэхүйн хөгжлийг дэмжих нь

  • Хүүхдийг тэвчээртэй сууж сургах, ой тогтоолтыг нь дэмжиж хөгжүүлэх нь танин мэдэхүйн ерөнхий хөгжилд чухал ач холбогдолтой юм. (шүлэг, дуу цээжлэх, богино өгүүллэг, үлгэр тогтоох гэх мэт) Ялангуяа дууны үг цээжлүүлж дуулуулах нь үр дүнтэй.
  • Теле хичээл, гэрийн даалгаврын гүйцэтгэлд нь хамтрах, туслах
  • Зурж бичих чадвар хангалтгүй хүүхдийг зурах бичих үйлийг тогтмол хийлгэх, ингэснээр хүүхдэд гарын хөдөлгөөний дадал бий болно. Энд ховилтой дэвтэр зэргийг ашиглаж болох юм.
  • Хүүхдийг энгийн дүрсийг дуурайж зурах, будах үйлийг зөв гүйцэтгэж сурах, мөн янз бүрийн дүрстэй,  холбоостой зургийг дөрвөлжин нүдийг нь тоолон зөв цэвэр, хурдан зурж сурах дадлыг хөгжүүлэх. Энэ нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг чадвар юм.
  • Юмс үзэгдэл, үйл явдлыг дүрслэн тайлбарлах, ингэхдээ анхаарлыг нь төвлөрүүлэх
  • Юмсын энгийн зүй тогтлыг нь ойлгуулах, хүүхдээр тайлбарлуулах
  • Энгийн дүрс, биет, ойлголтыг түүнийг бүрдүүлэгч хэсэгт нь задалж нэрлүүлэх, зуруулах, буцаагаад нэгтгэх (жишээ нь ширээ сандал, таван хошуу мал ямар хэсгээс бүрддэг, эсвэл буцаад нийлэхээр нь юу болох тухай гэх мэт)
  • Хүнд хөнгөний хувьд хүүхдийн насны онцлогт нь тохирсон сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тоглохыг нь дэмжих, хүүхэд ядрахаас урьдчилан сэргийлж цагийг нь хязгаарлах
  • Хүүхдэд эсрэг тэсрэг үг, ойролцоо утгатай үгийг тайлбарлаж өгөх, асуух (жишээ нь хатуу гэдэг үгийг эсрэг утгатай үг нь юу болох, сайн хүүхэд гэдэгтэй ойролцоо ямар үг байж болох вэ гэх мэтээр хүүхэдтэйгээ харилцах)
  •  Улс, хот аймгийг хүүхдээр нэрлүүлж сургах, ялгааг нь тайлбарлаэ ойлгуулах
  • Хүүхдэдээ ном уншиж өгөх, эсвэл бие даан уншихад нь дэмжих, уншсан зүйлийн талаар нь асууж хамтран ярилцах
  • Хүүхдээ урамшуулах

Харилцаа-сэтгэлийн хөдөлгөөний хөгжлийг дэмжих нь

  • Хүүхэд найз нөхөдтэйгээ харилцах боломжийг олгох
  • Хүүхэдтэйгээ хамтарч янз бүрийн үйлийг хийдэг байх, тухайлбал, хоол хамт хийх, бага ангийн хүүхдийг өөртөө туслуулах, дунд, ахлах ангийн хүүхдийг бие дааж хоол хийхэд нь дэмжих
  • Өөрт тохирсон гэрийн ажил хийдэг байх
  • Эмх цэгцтэй зан үйлийг нь дэмжих
  • Хүүхдээ шүүмжлэхгүйгээр хүндэтгэлтэй хандах, өөртөө итгэлтэй зан төлөвийг нь дэмжих, урамшуулан магтах (нэр төрийг нь эрхэмлэн, хувийн онцлогт нь хүндэтгэлтэй хандах)
  • Хүүхдээ тэврэх, хайр халамжаа илэрхийлэх
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж сурахад дэмжих
  • Хүүхдийн гаргаж байгаа зан төлөвт хэт цочирдохгүйгээр хүлээн авч ярилцах
  • Хамтдаа кино үзэх, үйл явдал, агуулгын талаар хүүхэдтэйгээ ярилцах

Дээрх зөвлөмжийг хүүхдийнхээ онцлогт нийцүүлэн зан үйлдээ баримжаа болгохоос гадна зарим төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцахад зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийг санал болгож байна.  


Оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих зөвлөмж

  • Хүүхдийг бэртэж гэмтэхээс сэргийлж аюулгүй байдлыг нь хангах
  • Хүүхэдтэйгээ эелдэг харилцах, шүүмжлэхгүй байх  
  • Хүүхдийн анхаарлыг нь хандуулан харилцах, хэл ярианы хөгжлийг дэмжих үгийн баялгийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Хүүхдэд өдөр тутам доод тал нь нэг үлгэр, шүлэг, дуу зааж сургах, цээжлүүлэх замаар ой тогтоолт, анхаарлын хөгжлийг дэмжих
  • Хүүхэд тогтвортой сууж хүүхэлдэйн кино, хүүхдийн кино, теле хичээл үзэх, эвлүүлэх, угсрах, зурах, бичих үйлийг гүйцэтгэхэд анхаарал хандуулах
  • Ямар нэгэн зүйлийг эвлүүлэх, угсрах чадвар дадлыг хөгжүүлэхэд анхаарах
  • 4 улирал, улирлын байгалийн үзэгдлийн талаар хүүхдэдээ мэдлэг ойлголт өгөхөд анхаарах
  • Гараа, шүдээ зөв дэс дараалалтай угаах, хувцсаа эмхлэх зан үйлийг хэвшүүлэхэд анхаарах
  • Хөдөлгөөний эвсэлтэй болоход нь эцэг эх нь тууштай хандах, ялангуяа гимнастик хийх, бүжиглэх, баруун зүүн тийш эргэх гэх мэт
  • Зүг чигийн талаар мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх
  • Хүүхдэдээ мэндлэх, харилцах энгийн чадвар дадлыг олгох
  • Хүүхэдтэйгээ тоглох цаг гаргах

Дауны хам шинжтэй хүүхдийн хөгжлийг дэмжих  зөвлөмж

  • Хүүхэдтэйгээ энгийн дасгал хөдөлгөөн хийх
  • Энгийн эвлүүлдэг, угсардаг тоглоом хамтарч тоглох
  • Хүүхдэдээ юмсыг хийж гүйцэтгэх дэс дарааллыг зааж сургахдаа өөрөө хамтдаа хийх
  • Хүүхдэдээ тодорхой зүйлийг сургахын тулд байнга давтах, ингэхдээ сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг гаргахгүй тайван хандах
  • Хүүхэдтэйгээ идэвхтэй харилцах, санаа бодлыг нь асууж байх
  • Хамтдаа алхах, шат руу өгсөх, уруудах үйлдлийг хийх
  • Хүүхэдтэйгээ идэвхтэй харилцах, ярилцах, тоглох
  • Хүүхдэдээ эелдэг, хайр халамжаа илэрхийлж харилцах
  • Хүүхдийнхээ дэргэд муудалцахаас зайлсхийх

  Аутизмтай хүүхдийн хөгжлийг эцэг эхчүүдийн зүгээс дэмжих зөвлөмж

  • Хүүхдийнхээ юунд сонирхолтой, юунд дуртай, юунд дургүйцдэг зэргийг нь ойлгож түүнтэй харилцахдаа харгалзан үзэх
  • Хүүхдийг шууд зааж зааварлан өөрийнхөөрөө байлгахыг хичээхгүй байх. Харин үүний оронд хүүхдэдээ санал болгож тайлбарлах
  • Тодорхой юмсыг хийж гүйцэтгэх энгийн дэс дарааллыг нэг бүрчлэн зааж ойлгуулах
  • Хүүхдийг 1-2 хүүхэдтэй хамт тоглуулах, тэдэнтэй хэрхэн зөв харилцах талаар тайлбарлан ойлгуулах, сайн хандлагыг нь магтан урамшуулах
  • Хэт тод гэрэл, дуу чимээтэй орчинд хүхэд ихэвчлэн таагүй байдаг тул түүнд таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах
  • Хүүхдэдээ тохирсон “өдрийн дэглэм” гаргаж мөрдүүлэх нь үр дүнтэй байдаг.
  • Хүүхдээ өөр хүүхэдтэй харьцуулж ярих нь өөртөө итгэлгүй болон идэвхгүй, уур бухимдалтай зан төлөвийг бий болгодог.
  • Хүүхдийнхээ сайн талыг нь магтан урамшуулж түүнд хичнээн хайртай болохоо илэрхийлдэг байх
  • Хүүхдэдээ эерэг зан төлөвийг төлөвшүүлэхэд байнга анхааран харилцах
  • Хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй баяр баясгалантай өнгөрүүлэх
  • Хүүхэд нь аливаа зүйлийг хэрхэн сурдаг болохыг  танин мэдэж, түүнийг нь ашиглах, тухайлбал, сонссон, харсан зүйлээ илүү их сурдаг уу, эсвэл хийж үйлдэх замаар сурдаг эсэхийг нь ажиглах, түүн дээр нь тулгуурлах
  • Аутизмтай хүүхэд илүү их анхарал халамж шаарддаг тул гэр бүлийн бүх гишүүд ялангуяа аав, ээж 2 нь хүүхдэдээ 2-уулаа анхаарал халамж тавих нь чухал. Ганцхан ээж нь халамжлах нь стресс үүсгэдэг талтай.