Боловсролын хүрээлэнгийн түүхт 60 жил

1956 онд БМДИ нэртэйгээр байгуулагдаж, 1963 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, 1991 онд Боловсролын хүрээлэн болж өргөжин хөгжсөн, манай улсын бүх шатны боловсрол, сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний энэхүү хүрээлэн 1958 онд политехник боловсролын үзэл баримтлал боловсруулах, 1959 онд үндэсний агуулгатай боловсролын тогтолцооны суурь тавих, 1963 онд Монгол улсын Боловсролын анхны хуулийн, 1982 онд БНМАУ -ын Боловсролын 2 дахь хуулийн төсөл, 1990 -ээд оны эхээр Боловсролын багц хуулийн болон Төрөөс боловсролын талааар баримтлах бодлогын төсөл боловсруулалцаж, 2006 оноос ерөнхий боловсролын арга зүй, үнэлгээ болон  Монголын их, дээд сургуулиудын сургалтын кредит тогтолцоо, албан бус болон тасралтгүй боловсролын эхлэлийн шинжилэх ухааны үндсийг судлан боловсруулах зэргээр Эх орны боловсролын судалгааны уламжлал,  өөрчлөлт, шинэчлэлийн их үйл хэргийг тэргүүлэн манлайлсан байна.

Зурагт. Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн (өдгөөгийн Боловсролын хүрээлэн) -ийн хамт олон (1969 он)

Хүрээлэнгээс судлан боловсруулсан ерөнхий боловсролын бүх хичээлийн сурах бичиг бараг айл бүрийн гэрт байж, сургалтын хөтөлбөр, зөвлөмж сургуулийн өмнөх болон ЕБС -ийн 60 шахам мянган багш нарын үйл ажиллагааны хөтөч болдог нь шинжилгээ, судалгааны ажлын хэрэглээний ач холбогдол хичнээн өдөр болохыг илтгэн харуулж байна.

Боловсролын хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаачдын дотроос дээр дурдсанчлан Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг Л.Түдэв, Д.Базар, Монгол улсын Ардын багш цолыг Ш.Шагдар, С.Галсан, Монгол улсын Төрийн соёрхлыг Д.Цэнд, Ш.Гаадамба нарын 3 хүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг Ц.Няндаг, М.Санждорж нарын 3 хүн, Монгол улсын гавьяат багш цолыг Ц.Шаравнямбуу, Б.Долгормаа, Га.Цэрэндорж, Д.Шагдар нарын 15 хүн, Монгол улсын ШУА -ийн жинхэнэ гишүүн (академич) цолыг Н.Бэгз хүртсэн нь Боловсролын хүрээлэнгийн төдийгүй монгол түмний бахархал юм.

Манай улсад боловсролын асуудлаар шинжлэх ухааны доктор (Sc.D) -ын зэрэг хамгаалсан 24 эрдэмтний 19 нь, боловсрол судлалын доктор (Ph.D) -ын зэрэг хамгаалсан 400 гаруй эрдэмтны 90 шахам нь, боловсрол судлалаар академич хэргэм хүртсэн 3 хүний 1 нь тус хүрээлэнгээс төрөн гарч нийгэм оюуны чадавхыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Хүрээлэн хүмүүний боловсролын анхдагч суурь болсон хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль аймаг, нийслэлийн боловсролын газруудын удирдлага, менежментийг боловсронгуй болгох, шинэчлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын баялаг туршлагыг нийтийн хүртээл болгох, багш, боловсролын ажилтанууд, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх болон төр, засгийн удирдах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэйгээ хамтран ажиллах, гадаад харилцаагаа өргөтгөн хөгжүүлэх зэрэг олон талт үйл хэрэгт судалгаа, арга зүйн бүхий л ажиллагаагаа чиглүүлж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Манай улсын бүх шатны албан болон албан бус боловсрол, гэгээрлийн шинжлэх ухаанч хөгжилд Боловсролын хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг, шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүн, эрдмийн үнэлэмж, өгөөжийг улам өндөржүүлэх иргэний болон нийгмийн хэрэгцээ, шаардлага XXI зуун, бумбын эринд тулгамдаж байгааг амжилттай шийдвэрлэх эрдэм судалгааны өв, туршлага хийгээд боловсон хүчний чадавх, судалгаа, шинжилгээний арга зүй, оюунлаг, бүтээлч сэтгэлгээ Хүрээлэнгийн түүхт 60 жилийн хугацаанд бүрэлдэн төлөвшиж, өдгөө улам бүр цэцэглэн хөгжиж байгааг бид онцлон хэлэхэд нэн бахдалтай байна.

Шинжлэх ухаанч сэтгэлгээ, арга барил улам улам өрнөн хөгжих болтугай!