Тува хэлний сургалтын гарын авлагууд

Монгол улсын 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор монгол улсад 5160 орчим тува иргэд амьдардаг гэсэн дүн гарсан байдаг. Тэд ихэвчлэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Ховд аймгийн төв, Буянт, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум болон Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт оршин суудаг. Тува иргэд хэл, түүх, ёс заншил, өв соёлоо өнөөг хүртэл хадгалж үлдсэн бөгөөд хойч үедээ өвлүүлэн үлдээх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг нь бидний судалгаанаас ажиглагдаж байна.

Боловсролын хүрээлэнгийн бүтцэд 2011 оны IX сараас үндэсний цөөнхийн хүүхдийн боловсролын судалгааны сектор байгуулагдсан цагаасаа хойш тува хэлний сургалтыг дэмжиж ирсэн бөгөөд судалгааныхаа ажлын үр дүнд тува хэлний анхны цагаан толгойг зохиож 2013 онд сургалтад нэвтрүүлсэн. Энэхүү цагаан толгойг монголын тувачуудын нутгийн аялгуунд тулгуурлан бичсэн бөгөөд тува иргэдийн хүүхдүүдийг бичгийн тува хэлэнд сургах анхны ном болсноороо онцлог юм.

Энэхүү цагаан толгойг тува, монгол хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува бага сургууль сургалтандаа ашиглаж байна. Түүнчлэн Ховд аймгийн Буянт, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумдын сургуулиудад хүргэгдсэн. Тува цагаан толгой (Тыва дыл 1)-г дээрх сургуулиудын сурагчдаас гадна монголын өнцөг булан бүрт амьдарч буй тува иргэд, хүүхдүүд, түүнчлэн тува хэл сурах хүсэлтэй хүн бүр ашиглах боломжтой.

Секторын дараа дараагийн судалгааны материалдаа үндэслэн хоёр, гуравдугаар ангийн тува хэлний “Тува хэл 2”, “Тува хэл 3” сурагчийн ном, багшийн гарын авлагуудыг 2014, 2015 онуудад зохиосон бөгөөд дээрх сургуулиуд сургалтандаа ашиглаж байна. Эдгээр гарын авлагууд тува хүүхдүүдийг төрөлх хэлээрээ сурах боломж бүрдүүлж байгаагаас гадна тэдний нутгийн аялгуунд тулгуурлан бичсэн учир бага боловсролоо эх хэлээрээ эзэмшихэд ихэд тохиромжтой болно. Үүнээс гадна нэгдүгээр ангийн Математик, Хүн ба орчин, Дүрслэх урлаг, Иргэний боловсрол сурах бичгийг 2016 онд тува хэлээр орчуулсан бөгөөд Цэнгэл сумын бага сургууль сургалтандаа ашиглаж байна.

Тува хэлний эдгээр гарын авлагыг зохиох болон орчуулах ажилд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува бага сургуулийн багш нар оролцож, ОХУ-ын БНТува улсын Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар зөвлөгөө өгч ажилласан бөгөөд Монголын НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжүүлж гаргасан хамтын бүтээл юм. Цаашид секторээс бага боловсролын 4, 5 дугаар ангийн Тува хэлний сурагчийн болон багшийн гарын авлагуудыг боловсруулахаар төлөвлөж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ БОЛОН ГАДААД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДИЙН
БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ СЕКТОР

2017.02.22