2018-2019 оны үндэсний эрдэм шинжилгээний хурал “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвтэйгээр уламжлалын дагуу сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд зохион байгуулна.

2018-2019 ОНЫ ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

Боловсролын хүрээлэнгээс жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлын сэдвийг хүргүүлж, зохион байгуулалттай холбоотой зарим нэг өөрчлөлт хийснийг анхаарч орон нутагтаа хурлаа зохион байгуулахыг хүсье.

Нийтлэг зүйл

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны дунд зохиогддог үндэсний эрдэм шинжилгээний хурлын зорилго нь боловсролд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшид мэргэжил арга зүйн болон судалгаа шинжилгээний чадварыг дэмжих, сургалтын дэвшилтэд технологийн үзэл санаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх болно.
2. 2018-2019 оны үндэсний эрдэм шинжилгээний хурал “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвтэйгээр уламжлалын дагуу сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд зохион байгуулна.
3. Энэ жилийн хурлын зохион байгуулалтын хугацаа сургуулиудын зүгээс гарсан саналд үндэслэн өөрчлөгдсөнтэй холбоотой 2018 болон 2019 он дамжихаар болов.

Үндэсний эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлд тавигдах шаардлага

Илтгэлийн ерөнхий шалгуур:

1. Шинэлэг үзэл санаа ба онол, аргазүй
1.1. Онолтой уялдуулсан байдал
1.2. Асуудлыг шийдвэрлэх арга, аргачлалыг сонгосон байдал
1.3. Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байдал
2. Практик хэрэглээ, үр дүнгийн баталгаажуулсан байдал
3. Илтгэлийн бүтэцчилэгдсэн байдал
4. Эрдэм шинжилгээний хэл найруулгад орсон байдал
5. Илтгэх чадвар

Илтгэлийн хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлага:
– Илтгэлийг бүрэн эхээр нь /цаасаар болон электрон хэлбэрээр/,
– Microsoft Word, Arial, 10pt, мөр хоорондын зай At least 12 pt/-аар бичих
– Гол агуулга /илтгэлийн хураангуй/ 4-6 нүүрэнд багтаах /электрон хэлбэрээр/.

Илтгэлийн бүтцэд тавигдах шаардлага:
– илтгэлийн сэдэв буюу гарчиг,
– илтгэгчийн овог нэр,
– сургууль, хаяг,
– түлхүүр үг /4-5 үг/,
– оршил /судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага, дэвшүүлж буй асуудал/, судалгааны аргачлал/
– судалгааны зорилго, зорилт,
– сорил туршилт хийсэн, гүйцэтгэсэн, боловсруулсан арга,
– үндсэн хэсэг /онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн/,
– судалгааны дүгнэлт /судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал/,
– хавсралт, ном зүй, ишлэл.

Үндэсний эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт
Эрдэм шинжилгээний хурлыг:
1. Анхан шатны түвшинд; цэцэрлэг, сургуулийн түвшинд 11 сард,
2. Дунд шатны түвшинд буюу аймаг, дүүрэг, нийслэлийн түвшинд 1 сард,
3. Үндэсний түвшинд 2019 оны 3 сард тус тус зохион байгуулна.

Үндэсний эрдэм шинжилгээний хуралд аймаг тус бүрээс шалгарсан 1, нийслэлийн дүүрэг бүрийг төлөөлөх 9 илтгэл хэлэлцэгдэнэ. Уг илтгэлийг хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр 2019 оны 02 дугаар сарын 15-нд багтаан densmaa@mier.mn хаягаар ирүүлэх ба хэвлэмэл хэлбэрээр 3 хувийг 2019 оны 03 дугаар сарын 02-нд багтаан Багшийн хөгжлийн ордон, 304 тоот Ж.Дэнсмаад хүлээлгэн өгсөн байна.

Үндэсний хуралд хэлэлцүүлэх илтгэл нь БСУГ-ын холбогдох албан тоотоор баталгаажигдах болно.

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН