2 дугаар сарын 21: ЭХ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Хэл, соѐлын олон янз байдал нь хүн төрөлхтний эв нэгдлийг бэхжүүлж буй нийтлэг үнэт зүйлсийн нэг тул 1999 онд ЮНЕСКО-гоос Эх хэлний олон улсын өдрийг дэлхий даяар жил бүрийн 2 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулж байх шийдвэр гаргасан билээ. Үүнээс хойш ЮНЕСКО гишүүн орнуудынхаа хамт Эх хэлний олон улсын өдрийг тэмдэглэж ирлээ. Энэхүү өдрийг тэмдэглэж байгаа нь хэлний олон янз байдлыг хадгалах, эх хэл дээр үндэслэсэн олон хэлний боловсролыг дэмжих улмаар дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах зорилготой. Эх хэлний олон улсын өдрөөр улс орнууд хүүхэд, залуучуудын дунд эх хэлээ сурталчлах, олон хэл, соѐлын олон талт байдлыг ойлгуулах чиглэлээр өргөн хүрээтэй, олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

 

2018 оны Эх хэлний олон улсын өдрийг дэлхий нийтээрээ хэлний олон талт байдал ба олон хэл бол тогтвортой байдал, энх тайвны гол түлхүүр гэж үзэн “Тогтвортой хөгжилд олон хэлний хэрэглээний ач холбогдол” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Тогтвортой хөгжлийг хангахад хэлний олон талт байдал, олон хэлийг хүлээн зөвшөөрч хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

ЮНЕСКО-ийн ерөнхий захирал хатагтай Одри Азулэй Эх хэлний олон улсын өдрөөр илгээсэн мэндчилгээндээ “Өнөөдөр бол Хэлийг хамгаалах, дэмжин сурталчлах, үүрэг амлалтаа эргэн санах өдөр. Хэл нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл төдийгүй, хүн төрөлхтний оршин тогтнохын үндсэн нөхцөл юм. Бидний үнэт зүйлс, бидний итгэл үнэмшил, бидний хэн болохыг тодорхойлдог зүйлс бүгд хэлэнд шингэсэн байдаг. Бид өөрсдийн тушлага, өв соѐл, мэдлэгээ хэлээр дамжуулдаг. Хэлний олон янз байдал нь бидний уран сэтгэмж, төсөөлөл, амьдралын хэв маягийн баялгийг гарцаагүй тусгадаг.” гэжээ. Мөн тэрээр “ЮНЕСКО нь эх хэл болон нутгийн уугуул хэлийг хөхиүлэн дэмжиж, тэр дундаа олон хэлтэй орнуудын хэлний бодлогыг дэмждэг. Мөн хүүхдүүд эх хэлээрээ суралцахдаа хамгийн сайн сурдаг учраас эх хэлийг нь сургуулийн бага ангиас эхлэн заахыг зөвлөдөг. Түүнчлэн олон нийтийн газар болон олон нийтийн цахим сүлжээнд төрөлх хэлээ ашиглахыг зөвлөж байна. Хэн ч өөрийн төрөлх хэлээс үл хамааран цахим ертөнцөд буй сурвалжид нэвтрэх, санал бодлоо хуваалцах боломжтой байх ѐстой. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжил – 2030 хөтөлбөрийн цөм юм.” гэж тэмдэглэсэн байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар 9 сарын 1-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тогтоосон. Эл өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

  •  … монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;
  •  … олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр http://www.unesco.mn/p/ бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соѐл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллах;
  • … бүх шатны боловсролын байгууллага жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн
    нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв
    агуулгад багтаан явуулах зэрэг үйл ажиллагаа хийхийг уг зарилгаар даалгасан байна.

 

Түүнчлэн Монгол Улс үндэстний цөөнхийнхөө эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан бөгөөд өдгөө манай улсын өөр хэл бүхий казах, тува хүүхдүүд эх хэлээрээ бага боловсрол эзэмшиж байна.

 



Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор

 

Эх сурвалж