1046 цагийн теле хичээлийг бэлтгэн, телевизийн бичлэг хийж байна

Шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор Боловсролын хүрээлэнгийн захирлын 2020 оны А/03, А/06 тоот тушаалаар сургалтын агуулгын алдагдлыг нөхөх теле хичээлийн агуулга, хуваарийг батлан, нийт 1046 цагийн теле хичээлийг бэлтгэж, телевизийн бичлэгийг хийж байна.

Теле хичээлийг Телевизүүдийн холбооны 15 телевизээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шууд болон давталтаар нэвтрүүлж байгаа бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл  сурагчид телевизээр хичээлээ үзэх юм.  

Теле хичээлийг бэлтгэх, телевизийн бичлэг хийх энэхүү үйл ажиллагаанд БСШУСЯ-ны ЕББГ, СӨББГ, Боловсролын хүрээлэн, БМДИ, БҮТ-ийн 60 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, мэргэжилтэн, ЕБС-ийн 170-аад багш, дохионы хэлний 15 орчуулагч багш, Телевизүүдийн холбоо хамтран ажилласан  юм.  

Хичээлүүдийг дохионы хэлэнд хөрвүүлж сурагчдад хүргэсний зэрэгцээ бага ангийн хичээлийг казак, тува хэлд хөрвүүлэх болон казах, тува хэлний хичээлийг бэлтгэх, бичүүлэх ажлыг Баян-Өлгий аймгийн БСУГ болон мэргэжлийн багш нартай хамтран зохион байгуулж, орон нутгийн телевизээр нэвтрүүлж байна.