ЦОГЦ ЧАДАМЖИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ 3 ХОНОГИЙН СЕМИНАР ӨНДӨРЛӨВ

ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар буюу ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНСУ-ын Итгэлцлийн сантай хамтран “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг 2018 оноос Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ.

 

Монгол Улсад хэрэгжиж буй уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдээлэл, технологийн цогц чадамжийн стандартыг боловсруулж мөрдлөг болгох замаар мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийг багшлах үйл явцад ашиглах явдлыг нэмэгдүүлэх, багш нарын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа явагдах юм.

 

Төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/153, A/209 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдээлэл, технологийн чадамжийн стандартын төсөл боловсруулах ажлын хэсэг” байгуулагдаад байна. Ажлын хэсгийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ЕББГ-ын дарга Т.Ням-Очир ахалж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, МУБИС, МУИС болон ШУТИС-ийн төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байна.

 

Багшийн мэдээлэл, технологийн цогц чадамжийн стандарт боловсруулахаас өмнө төслийн хүрээнд улс орны, сургуулийн болон багшийн бэлэн байдлын судалгаанууд хийгдээд байна.

 

3 хоног үргэлжилсэн семинарт Улаанбаатар хотын болон Архангай, Дархан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, багш нар оролцож багшийн МХХТ-ийн цогц чадамжийн стандартын төслийг боловсруулав.

 

Эх сурвалж
https://www.facebook.com/pg/Unesco.Natcom.Mongolia/photos/?tab=album&album_id=2192054500867299