Хилийн чанад дахь “Монгол хэл, соёл”-ын сургалтын байгууллагын багш нарт зориулсан сургалт боллоо

Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран 2018 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд хилийн чанад дахь “Монгол хэл, соёл”-ын сургалтын байгууллагын багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад Канад, АНУ, Чех, Япон, ХБНГУ, Швед улсад үйл ажиллагаа явуулж буй “Монгол хэл, соёл”-ын төвийн багш нар хамрагдав.

 

Багш нарт монгол хэлний зөв бичих дүрэм, бага насны хүүхдийг бичүүлж, уншуулж сургах арга зүй болон цагаан толгой заах үед авианы задлаг нийлэг аргыг хэрэглэх нарийвчилсан зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “Хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Монгол хэл, соёл” цахим сурах бичгийг ашиглан хичээл зохион байгуулах арга зүйн сургалт явуулав. Тэрчлэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”, “Сурагчийн монгол хэлний тайлбар толь”–ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Энэхүү сургалтын хүрээнд Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа ба үнэ цэн” сэдвээр лекц уншсан юм.

 

Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын төлөөлөл, багш нарын хүрээнд мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулж, “Монгол хэл, соёл”-ын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, тэнд монгол хэлээ сурч буй хүүхдүүдийн боловсролыг дэмжих, багш нарын арга зүйд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цаашид хийх ажлын талаар хэлэлцэв.