Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдийн асуудлаар уулзалт зохион байгуулав

Боловсролын хүрээлэнгийн захиргаа, Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторээс санаачилж, “Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдийн боловсрол”-ын асуудлаар ГХЯ-ны зохих албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулав.

 

Уулзалтад БХ-ийн захирал М.Итгэл, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, БХ-ийн ҮЦГМХБСС-ийн эрхлэгч У.Туяа, монгол хэлний судалгаа хариуцсан ЭША Р.Бигэрмаа болон ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын II нарийн бичгийн дарга Г.Энхтуяа нар оролцлоо.

 

Тус уулзалтаар хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй зарим асуудал, ялангуяа эх хэлний боловсролын ерөнхий байдал, тэдэнд зориулсан монгол хэлний хөтөлбөр, цахим сурах бичиг болон энэ чиглэлээр цаашид хэрхэн ажиллах талаар ярилцав.

 

ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд” хөтөлбөр, тус хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 26, 27-нд БНГАУ-ын нийслэл Берлин хотноо зохион байгуулагдаж буй хилийн чанадад амьдарч буй монголчуудын 14 дэх чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө.