Түүхэн товчоо

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТҮҮХЭН ҮҮРЭГ

Тус хүрээлэн 1956 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор сурган хүмүүжүүлэх судалгааны ажил эрхлэх, багш нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нэртэйгээр анх байгуулагдсан юм. Улмаар чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээ нь өргөсөн тэлж, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн (1963-1991), Боловсролын хүрээлэн (1991-1993), Боловсролын хөгжлийн хүрээлэн (1993-1995), Боловсрол судлалын үндэсний хүрээлэн (1995-1997), 1997 оноос Боловсролын хүрээлэн нэрээрээ боловсрол, сургалтын эрдэм шинжилгээ, арга зүйн ажлыг амжилттай эрхлэн явуулж ирэв.
Хүрээлэн 1950-иад оны эцэс 1960-аад оны эхээр хөдөлмөр, политехникийн ерөнхий боловсролын сургуулийн үзэл баримтлал боловсруулах, үндэсний агуулгатай ерөнхий боловсролын суурь тавих, Монгол улсын Боловсролын анхны (1963) болон 2 дахь хууль(1982)-ийн төсөл, 1990-ээд оны эхээр Боловсролын багц хуулийн болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын төсөл боловсруулах зэрэг ажлын шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлоход идвэхтэй оролцсон байна. Мөн 1990-ээд оноос нэвтэрсэн Монголын их, дээд сургуулиудын сургалтын кредит тогтолцоо, албан бус боловсролын онол, арга зүйн үндэс, 1998, 2004 оны боловсролын стандарт болон 2006 оноос эхэлсэн ерөнхий боловсролын 11 жилийн, 2008 оноос эхэлсэн 12 жилийн сургалтын бүтэц, тогтолцооны агуулга, хөтөлбөр, арга зүй, үнэлгээний асуудлыг судлан боловсруулах, амьдралд хэрэгжүүлэх зэргээр үндэснийхээ боловсролын тогтолцоо, агуулгыг олон улсын боловсролын жишигт хүргэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Манай хүрээлэнгээс судлан боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш, сурагчийн гарын авлага, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хөгжил, төлөвшлийн тухай удирдамж, зөвлөмжүүдийг Монголын бараг айл бүр, сурагч бүр, багш бүр сургалт, хүмүүжлийнхээ үйл ажиллагаанд хэрэглэдэг, ашигладагт бидний судалгаа, шинжилгээний ажлын хэрэглээний үнэ цэнэ, ач холбогдол оршдог.
Хүрээлэн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд, мэргэжлийн сургуулийг хөгжүүлэх, аймаг, нийслэлийн боловсролын газруудын удирдлага, менежментийг боловсронгуй болгох, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын баялаг туршлагыг нийтийн хүртээл болгох, багш, боловсролын ажилтнууд, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд зориулсан боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны олон арван ном, гарын авлага, нэг сэдэвт бүтээл туурвиж, олон зуун сургалт, семинар зохион байгуулж, тэдгээрийн үр дүнг практикт нэвтэрүүлсэн.

Түүнчлэн хүрээлэн төр, засгийн удирдах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах, гадаад харилцаагаа өргөтгөн хөгжүүлэх зэрэг олон талт үйлст судалгаа, арга зүйн бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн юм.

Боловсролын хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэд, судлаачдын дотроос Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг Л.Түдэв, Д.Базар, Монгол улсын Ардын багш цолыг Ш.Шагдар, С.Галсан, Монгол улсын Төрийн соёрхлыг Д.Цэнд, Ш.Гаадамба нар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг Ц.Няндаг, М.Санждорж нар болон Монгол улсын Гавъяат багш цолыг Ц.Шаравнямбуу, Б.Долгормаа, Га.Цэрэндорж, Д.Шагдар, Д.Гомбожав нарын 16 хүн, Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) цолыг Н.Бэгз хүртсэн нь бидний бас нэгэн бахархал юм.

Манай улсад боловсролын асуудлаар шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан нийт 24 эрдэмтний 19 нь, боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан 400 гаруй эрдэмтний 90 шахам нь тус хүрээлэнгээс төрөн гарч нийгмийн оюуны чадавхийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Манай улсын бүх шатны боловсрол, гэгээрлийн шинжлэх ухаанч хөгжилд Боловсролын хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг, шинжилгээ, судалгааны ажлын чанар, өгөөжийг улам өндөржүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Хүрээлэнгийн цаашдын хөгжлийн энэхүү шаардлага, зорилтуудыг амьдралд хэрэгжүүлэх эрдэм судалгааны өв, туршлага, боловсон хүчний зохих чадавх бий болсон бөгөөд эдгээрийг улам хөгжүүлэх ёстойг тэмдэглэх нь зүйтэй.

Он тоолол
Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, 1956
Захирал
1956-1957 Ц.Төртогтох
1957-1961 Ц.Шаравнямбуу
1961-1963 Д.Гомбосүрэн
Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, 1963
Захирал
1963-1969 Дэ.Гомбосүрэн
1969-1974 Д.Шагдарсүрэн
1974-1983 Д.Шагдар
1983-1988 Х.Дүгэр
1988-1990 З.Өлзийхутаг
Боловсролын хүрээлэн, 1991
Захирал
1990-1992 З.Өлзийхутаг
Боловсролын хөгжлийн хүрээлэн, 1992
Захирал
1992-1995 Н.Бэгз
Боловсрол судлалын үндэсний хүрээлэн, 1995
Захирал
1995-1997 Н.Жадамбаа
Боловсролын хүрээлэн, 1997
Захирал
1997-2014 Н.Бэгз
2014-2016 Э.Энхпүрэв
2016-одоо М.Итгэл