СУДЛАГДАХУУН БОЛОН ХЭЛИЙГ ИНТЕГРАЦЧИЛАН СУРАЛЦАХУЙ (СХИС)-Г НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Улс орнууд хэлний олон төрлийг хөхиүлэн дэмжсэн боловсролын бодлогоо өргөжүүлж, хос/олон хэлт боловсролыг нийгмийн ойртон нягтрах, тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзэж байна. Хүүхдийн “ердийн буюу ахуйн” хос хэл болон “зохиомол буюу сургалтын”[1] хос хэлний асуудалд олон орны эрдэмтэн судлаачид анхаарч, сургалтаар нэгдүгээр хэл ба хоёр дахь хэлийг тэнцвэртэй заах арга зүй, арга аргачлалыг боловсруулан туршиж, үр дүнд хүрч эхэлжээ[2]. Энэ асуудал манай улсын боловсрол судлалд харьцангуй шинэ тутам байгаа бөгөөд хос/олон хэлт боловсролын асуудал нь угсаатны ялгаатай бүлгийн (казах, тува) хүүхдийн боловсрол болон хилийн чанадад амьдарч буй монгол хүүхэд, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчдын сургалтын хүрээнд яригдаж эхэлж байна.

 

Боловсролын хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд судлагдахуун болон хэлийг интеграцчилан суралцахуй (CХИС)-н (CLIL-Content and Language Integrated Learning) онол арга зүй, олон улсын сайн туршлагыг судалсны үндсэн дээр угсаатны ялгаатай бүлгийн (казах, тува) хүүхдийн боловсролын чанарыг сайжруулахын тулд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын зарим сургуульд СХИС-г нэвтрүүлэн үр дүнг нь түгээхээр ажиллаж байна. СХИС бол эх хэлийг үнэлж, хоёр дахь хэлийг дэмжсэн арга, хандлага бөгөөд СХИС-ийг сургалтад нэвтрүүлснээр сурагчдын төрийн буюу зорилтот хэлний мэдлэг дээшилж, үндэсний цөөнхийн хүүхдийн боловсролын чанарт ахиц гарч, улмаар их, дээд сургуульд элсэн орох сурагчдын тоо нэмэгдэж байгааг Казахстан, Киргизстан зэрэг Төв Азийн зарим улс орны  туршлага харуулж байна.

Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд СХИС-г нэвтрүүлэх орон нутгийн менежмент баг болон СХИС-г дэмжсэн арга зүйгээр хичээл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг 2019 оны 12 сарын 18-26-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна. Сургалтад тус аймгийн БСУГ-ын арга зүйчид, ерөнхий боловсролын 3 болон 5 дугаар сургуулийн удирлагууд болон багш нар нар, нийт 50 орчим хүн оролцож, судлагдахууныг хэлэнд интеграцчилан зохион байгуулж, сурагчдын эх хэл дээр үндэслэн монгол хэлний чадварыг дээшлүүлэх замаар үндэсний сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх арга зүй, аргачлалд суралцаж байна.

[1] “Словарь социолингвистических терминов”, Михальченко В.Ю, Москва, 2006 он, тал

[2] Диалог, Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлт боловсролын мэдээлэл-арга зүйн хөтөч 16-19, БХ-ийн ҮЦГМХБСС-ын орчуулга, “Диалоги” сонины 17 дахь дугаар