Долоо хоног бүр зохион байгуулагддаг “Мэдлэгийн цаг” өнөөдөр боллоо

Долоо хоног бүр зохион байгуулагддаг “Мэдлэгийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдлэгийн цаг” -т дээд боловсрол судлаач, доктор, профессор Дэндэвийн Бадарч Боловсролын хүрээлэнгийн урилгаар боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчдад Боловсролд тулгарч буй бэрхшээл, сорилтууд, гарах арга зам, дэлхийн боловсролын чиг хандлага, системийн онолын зарим асуудал зэрэг өргөн сэдвээр лекц уншлаа.

 

Д.Бадарч нь ЗХУ -ын Уралын Техникийн их сургуулийг Удирдлагын Мэдээллийн системийн инженерийн мэргэжлээр 1978 онд төгссөн, 1989 онд Москвагийн Иргэний Агаарын инженерийн сургуульд систем техникийн ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. 2001 онд профессор цол хүртжээ. Мөн Энэтхэгийн Менежментийн академийн зайн сургалт, Массачусетсийн Технологийн их сургуулийн дээд төвшний сургалтыг дүүргэсэн байна.

 

1992 – 2003 он хүртэл ШУТИС -ийн ректороор ажиллахдаа тус сургуулийн сургалтын зохион байгуулалтыг дэлхийн жишигт хүргэн өөрчилж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт явуулах суурийг тавьжээ.

 

2003 онд ЮНЕСКО -ийн шалгаруулалтад тэнцэж ОХУ -ын Москва хотын бүсийн төвд боловсролын хөтөлбөр эрхэлсэн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2005 оноос тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2006 оноос сонгон шалгаруулалтын дүнд тус бүсийн төвийн дарга, Армен, Азербайжан, Беларус, Молдов, ОХУ-д ЮНЕСКО -оос суугаа төлөөлөгчөөр (D-1) томилогдсон байна. Тэрээр манай улсаас олон улсын байгууллагад дипломат албан тушаалд хамгийн өндөр буюу 11 жил ажиллаж байгаа хүн юм.