Боловсролын хүрээлэнгийн 2018 – 2022 оны стратеги төлөвлөгөө батлагдлаа

Эрдэм боловсрол, шинжлэх ухааны төлөө хамтран ажиллагч, түншлэгч Эрхэм хүндэт та бүхэнд болон Боловсролын хүрээлэнгийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Боловсролын хүрээлэн 1956 онд үүсэн байгуулагдаж, боловсрол, сургалтын эрдэм шинжилгээ, арга зүйн ажлыг тасралтгүй 60 гаруй жил явуулж буй манай улсын эрдэм судлалын ууган байгууллагын нэг юм.

 

Манай хүрээлэн 1950-иад оноос эхлэн өдгөө хүртлэх хугацаанд Монголын сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд, мэргэжлийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэх хийгээд боловсролын эдгээр түвшний сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, орчны шинжлэх ухааны үндэслэлийг судлан боловсруулах, багшийн мэргэжил дээшлүүлэх, хүүхэд, залуучууд, иргэдийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт дорвитой хувь нэмэр оруулжээ.

 

Хүрээлэн одоогийн байдлаар боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, туршлага, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх гэсэн хууль, эрх зүйн статусын хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

 

Бид Боловсролын хүрээлэнгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийг өндөржүүлэх, мөн тус судалгааны байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийг сайжруулах, чанаржуулах зорилгоор стратеги төлөвлөгөө (2018-2022)-г боловсрууллаа.

 

Үүний тулд бид дөрвөн үе шаттайгаар зохион байгууллаа. Үүнд:
I үе шат (өнөөгийн байдлын): байгууллагын чадамжийн шинжилгээ, стратегийн бэлэн байдлын шинжилгээ, асуудлын шинжилгээ хийж эхний төлөв байдлыг тодорхойлов.
II үе шат (системийн шинжилгээ): макро орчны бодлогын, эрх зүйн, хүн ам зүйн, нийгэм соёлын, технологийн судалгаа; микро орчны хэрэглэгч, хамтрагч, дэмжигчийн судалгаа хийж SWOT, MECSON, CROSS SWOT шинжилгээ хийсэн.
III үе шат (стратеги төлөвлөгөөний эхний хувилбар): Дээрх шинжилгээнд суурилан эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, баримтлах зарчмаа тодорхойлон, хүрээлэнгийн хөгжлийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг томьёолсон.
IV үе шат (стратеги төлөвлөгөөний нарийвчилсан хувилбар): Хөгжлийн замын зураг, хамтын ажиллагааны төлөвлөгөө, стратеги хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт, хариуцах эзэн, хугацаа, өртөг зардал, хэрэгжүүлэх үеийн менежмент боловсруулав.

 

Монгол Улсын боловсролыг ойрын жилүүдэд Дэлхийн хөгжилтэй улс орнуудын боловсролын хөгжлийн жишигт ойртуулах, улмаар тухайн түвшинд хүргэх үйл хэрэгт Боловсролын хүрээлэн судалгаа, шинжилгээ, хүний нөөц, материаллаг болон үйлийн орчин, дотоод, гадаад харилцаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх замаар цаашид өндөр бүтээмжтэй ажиллах болно.

Боловсролын шинжлэх ухааны судалгаа, инноваци цэцэглэн хөгжих болтугай. Хүндэтгэсэн, Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор (Ph.D)

М.Итгэл

Стратеги төлөвлөгөөг энд дарж үзнэ үү