Ховд Их Сургуулийн Баян-өлгий аймаг дахь салбар сургуулийн төлөөлөл Боловсролын Хүрээлэнд ажиллав

Өнөөдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Боловсролын Хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор (ҮЦГМХБСС)-ийн зохион байгуулсан сургалт семинарт Ховд Их Сургуулийн Баян-өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал доктор Ж.Хиналган багш, ажилтнуудын хамт оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд Боловсролын Хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ийн ЭША-уудын 2013-2018 онд хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, олон хэлний боловсролын талаар санал солилцож цаашид:
• Унших чадварыг хөгжүүллэх арга хэрэгслүүдийг казах хэл рүү хөрвүүлж сургалтад ашиглах
• Монгол хэлний багш нарыг чадавхжуулах чиглэлээр сургагч багшийг бэлтгэх зэрэг ажлуудыг төлөвлөж хамтарч ажиллахаар ярилцав.

 

Оролцогч талууд олон хэлний боловсролын CLIL аргын тухай болон түүнийг сургалтад ашиглах давуу талуудыг онцоллоо. Ховд Их Сургуулийн Баян-өлгий аймаг дахь салбар сургууль нь олон хэлт боловсролын багш бэлтгэхээр төлөвлөж байгаа талаар танилцуулав.

Сургалт семинарын үеэр Багшийн Коллежийн математикийн багш А.Авзал “Судалгааны үр дүнг сургалтад ашиглах боломж”-ийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн нь бусад багш нарын ч хүлээлттэй сэдэв байлаа.

Сургалтын үр дүнгийн талаар Баян-Өлгий аймгийн ХИС-ийн харьяа Багшийн коллежийн захирал доктор Ж.Хиналган:
“Юуны өмнө Боловсролын Хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ийн хамт олонд талархал илэрхийлье. Манай сургууль 22 багштай, өнөөдөр 13 багш ирсэн. Судалгааны үр дүнгийн талаар болон олон хэлний боловсролын талаар цаашид түгээн дэлгэрүүлж, сургалт зохион байгуулна гэж төлөвлөж байгаагаа илэрхийлээд эхний алхам бол мэргэжлийн хөтөлбөрүүдийг интеграцчилж гаргах юм” хэмээн тэмдэглэв.