Багш нарын зөвлөгөөн үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн төрийн ордонд үргэлжилж байна. Уг зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, хөдөө орон нутагт 4 хэсэг болон зохион байгуулагдаж байгаа ба өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нээлтээ хийж Улаанбаатар хотын нэгдүгээр хэсгийн хуралдаан болсон. Харин өнөөдөр хоёрдугаар хэсгийн зөвлөгөөн болж Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 800 орчим багш, удирдах ажилтан оролцож байна.

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ба “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээ”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн чиглэлээр салбар болон хуралдаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ажээ.

Зөвлөгөөнд оролцох боломжгүй багш, удирдах ажилчид www.zuvluguun.edu.mn цахим хаягт хандаж зөвлөгөөнөөр хэлэлцэж буй илтгэлүүдийг татаж авах, санал бодлоо хуваалцах боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. Зөвлөгөөн 01 -р сарын 25 хүртэл Улаанбаатар хотод, 01 -р сарын 29-өөс 02-р сарын 03 хүртэл хөдөө орон нутагт болно.